
Шадар сайд С.Амарсайхан олон нийтийн сүлжээнд пост бичсэн иргэнийг Эрүүгийн хуулиар шийтгэж, ялтан болгуулахыг хүсэж, мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн талаар Иргэн Т.Шинэбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 19-ны өдөр миний нэр дээр дуудах хуудас ирүүлсэн. Ингээд очиж уулзахад фэйсбүүкийн бичвэрээс болж Шадар сайд гомдсон байсан. Өргөдөлдөө дараах бичвэрүүдэд гомдсон хэмээн бичсэн.
- Хийн хоолойн асуудлыг эсэргүүцэж байгаад
- Туулын бургасыг хядсаныг нь эсэргүүцсэнд
- Цар тахлын хүнд үед усан оргилуурыг 3,2 тэрбум төгрөгөөр барьсныг шүүмжилсэнд
- Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэнд
- “Аав нь шарил ухдаг хятад хүн байсан гэсэн. Хүү нь Монгол Улсыг самарч байна” гэх агуулгатай бичвэр оруулсанд тус тус гомдсон байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх гомдлыг хүргүүлжээ” гэж хэлэв.