
Энэрдэг тэнгэр
Ивээдэг бүхэн минь гуйя
Эх хүний сэтгэлийг
Элэг бүтэн байлгаж хайрлаач...
Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Шар гэгээ” жүжгийг үзэгчдэд хүргэв.
“Бурхан минь, ар, энгэр хоёрыг чинь аргадлаа гээд алган дээр минь үр заяадаггүй юм гэхэд өлзий бус үг зүүдэндээ ч хэлэлгүй цээрлэж, өрөөлийн үрийг өөрийн чинээ хайрласныг минь болгооход яагаа вэ. Хөхөө зангируулж зүдсэн ээжид нь одоо юу хэлнэ. Хөндөлгүй санасан нутаг усныхаа хаяа зөв тэднийгээ яаж харна. Ангир уургаа амлуулах эх болохын тавилан дутдаг юм аа гэхэд амьтны нялх үрийг эхчилэн хайрлаж, элгээ дэвтээхийн заяаг минь юунд хээр хаяулав даа, тэнгэр минь” хэмээн Хажид энэлнэ. Гурван охинтой Дашжил, Хоролгарав нар “Хүү хүүхэд халтай” гэж лам багш нь айлдсан учир амь насыг нь аргадаж хүүгээ Дарим, Хажид хоёрт өргүүлсэн нь энджээ. Ерөөлөөр болсон уу, үйлээр болсон уу, бүү мэд, олон жил үрийн заяагүй явсан Хажид өргөсөн хүүгээ хөдөөлүүлснээс төд удалгүй хөл хүнд болох нь тэр. Тэр үеэр хүүгээ хүнд өргүүлээд алдсан Хоролгаравт лам багш нь “Удахгүй биеэрээ хүйс ч төөрөхгүй эргэж ирнэ. Тэр жинхэнэ та хоёрын заяаны үр” гэх нь тэр. Ингэж л үйлээр, хүйгээр холбогдсон хоёр айлын тавилангаар “Шар гэгээ” жүжиг үргэлжилнэ.
“Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал “Дэлхийн даяаршиж буй ч бид уламжлалаа хаяж нүүж болохгүй. Театрын тайзнаа дэлхийн сонгодгоос авхуулаад орчин үеийн олон төрлийн бүтээлийг Монголын уран бүтээлчид хүргэж буй нь сайшаалтай. Гэхдээ монголчуудын өөрсдийн уг язгуур, соёлын өв, зан заншил, уламжлал, амьдралын хэв маяг, эх хэлний баялгийг гайхуулсан уран бүтээл хомсдож байна. Энэ эмзэглэлээс үүдэж “Шар гэгээ” жүжгийг үзэгчдэд хүргэхийг хүссэн юм. Эл жүжгийн үг хэллэг, харилцан яриа ямар яруу, баялаг, бахдам гээч. Түүнийг орчин цагийн үзэгчдэд хүргэх сэн гэж хүссэн” гэлээ. “Шар гэгээ” жүжгийн гол дүр Хажидад Ж.Баярчимэг, Хоролгаравт Р.Янжиндулам, Даримд Э.Цэгмэд, Дашжилд Б.Сүхбаатар, бусад дүрд Д.Цэрэнчимэд, Б.Энххэрлэн, С.Сувдаа нар тогложээ. Тайзны зураачаар С.Бат-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Г.Энхтайван ажилласан байна.

Аравдугаар сард 40 жилийн ойгоо тэмдэглэх “Монгол туургатан” театрынхан өнөө жил “Монгол драмыг “Монгол туургатан” театраас” гэсэн уриатайгаар уран бүтээлүүдээ туурвиж буй. “Шар гэгээ” драмын жүжгээ эл ойдоо зориулан бүтээсэн бол их зохиолч Д.Нацагдоржийн цомнол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Учиртай гурван толгой” Монголын түүхэн дуурийг мөн өнгөрсөн сард үзэгчдэд хүргэжээ.
Ташрамд дурдахад, “Монгол туургатан” театрынхан Ш.Гүрбазарын “Шар гэгээ” уран бүтээлээ зургадугаар сард болох 16 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадамд сойж буй бөгөөд эл наадмын драмын жүжгийн төрөлд зургаан номинацад нэр дэвшжээ. Тодруулбал, шилдэг найруулагч номинацад тус театрын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал, С.Бат-Эрдэнэ тайзны шилдэг зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар шилдэг зохиолч, Дашжилийн дүрээр жүжигчин Б.Сүхбаатар шилдэг эрэгтэй гол дүр, Хоролгаравын дүрээр Р.Янжиндулам шилдэг эмэгтэй гол дүр, Б.Энххэрлэн Цэвэг эмгэний дүрээр шилдэг туслах дүрд тус тус өрсөлдөх юм.