
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 29-ний баасан гаргийн 10.00 цагт Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр товложээ. Тус шүүхийн шүүгч Д.Доржсүрэн хэлэлцүүлгийг удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт, О.Даваажаргал нар оролцох аж. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нар ч оролцож, шүүх хурлаар Н.Түвшинбаярын гэм буруутай, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой, эсэхэд саналаа илэрхийлэх юм. Уг хэлэлцүүлгийг хийгээд хэргийг бүрдэл хангагдсан гэж үзвэл гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг товлоно. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 10.1- 2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн”, 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны сацуу Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining LLC” компанийн албан өрөөний эд хогшлуудыг эвдэж, сүйтгэсэн нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.