
Байгалийн түүхийн музейн барилгыг нураагаад дөрөв дэх жилдээ явж байна. Тухайн үед уг барилгын оронд Чингис хааны музей байгуулна, харин байгалийн түүхийнхийг Их тэнгэрийн аманд байгуулах Засгийн газрын тогтоол гаргасан билээ. Тэр ёсоор Чингис хааных бэлэн болсон. Өдгөө Байгалийн түүхийн музейн барилгыг 200 тэрбум төгрөгийн төсвөөр босгох тухай сураг сонсогдсоноор олон ниитийн дунд ийш тийш шидэж байх бас нэгэн хэл ам дагуулсан “алимтай” болох бололтой. Захиалагч Соёлын яамны зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй.
“Ганц байшинг ямар их мөнгөөр барьдаг юм бэ” гэх хүмүүс одоогоор музейн барилгын загварыг харъя, үзье гээгүй л байна. Чингис хааны музейнхийг барьсан хойно нь голж, муулсан. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг лүгээ адил. Их тэнгэрийн аманд босгох объектыг загварын хувьд орчин үеийн үзэгчдийн сэтгэлд нийцтэй байхаар шийдвэл зүгээр сэн. Гэсэн ч өнөө юу ч хэлээд, бичээд нэмэргүй байж магад. Учир нь зураг, төсөл нь аль хэдийн бэлэн болсон. Соёлын сайдын мэдэлд хэдэн авдар дүүрэн цаас байдаг бөгөөд хэр баргийн албан тушаалтанд дэлгэж харуулдаггүй гэнэ билээ. Музейн удирдлага ч хараагүй. Яагаад гэхээр худалдан авах ажиллагааны хүрээнд захиалагч, гүйцэтгэгч зэрэг субъектийн дунд ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой учир урьдчилсан сэргийлж, хуульчилсан байдаг аж.
Их тэнгэрийн аманд Байгалийн түүхийн музейн барилга барих ажлын нийт төсөвт өртөг нь 94.4 тэрбум төгрөг хэмээн тухайн үед БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлж байсан. Үүнээс хойш хоёр ч жилийн төсөв хэлэлцэж, баталсан тул тодотголоор нэмсэн байж магадгүй юм. Соёлын яамны зүгээс албан ёсоор мэдээлбэл тодорхой болох буй за.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа асуудлыг шийдсэн юм. Барилгыг 2019 оноос барьж эхлэх ёстой байсан ч “Ковид-19”-өөс болж хойшлогдоод өнөөдөртэй золгожээ. Үүнд зориулж улсын төсвөөс 2020 онд 32, харин 2021 онд 18 тэрбум гаруй төгрөг тусгасан ч мөн л хөл хорионоос болж хөдөлгөөгүй. Энэ онд 30 орчим тэрбумыг төсөвлөсөн гэх мэдээлэл буй.
Нэг хэсэг энэ музейн хуучин барилгын талаар хүмүүс “Уран барилгын хэв маягийг агуулсан загвартай байсан юм, нураасан нь буруу. Хуучныхаар нь шинээр баривал гоё байх байлаа. Тэгээд ч хотоос зайдуу газарт музей үзэх гэж хүүхдээ дагуулан очих эцэг, эх хэд байгаа бол. Амьдралаас тасархай юм хийх нь” гэх зэргээр шүүмжилж байсан юм. Гэсэн ч “галт тэрэг хэдийн хөдөлсөн” тул одоо юу ч яриад нэмэргүй.
Байгалийн түүхийн музей болгохоор нэр заасан нь одоогоор гурван давхар барилгын суурь цутгаж, тулгуур зангидсан объект төдий юм байна. Өмнө нь улсын нөөцөд байсан газар бөгөөд гадаадын өндөр зэрэглэлийн зочид хүлээж авах зориулалттай буудал, хурлын танхим бүхий томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөн ийнхүү суурь цутгаж, хананууд босгосон юм байна. Газрын хэмжээ 6.6 га буюу Байгалийн түүхийн музейн хуучин барилгын эзэлж байсан талбайнхаас 25 дахин их. Ер нь барилгын ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй гэж ойлгож болно.
Чухам яагаад уг музейг ууланд байгуулахаар болсон гэхээр олон улсын жишгээр байршуулъя гэсэн юм билээ. Засгийн газраас Барилгын хөгжлийн төвийн шинжээчдийг илгээж судлуулахад талбай томтой, өндөр таазтай гэх зэрэг үзүүлэлтээр музейн зориулалтаар ашиглаж болно гэж дүгнэснээр энэ түүх эхэлж. Суурийг нь цутгаад буй үндсэн гурван давхар барилгаас гадна бас нэг корпус нэмж барихаар төлөвлөсөн байна.
Цогцолборыг шат дараатай барьж байгуулах бөгөөд ажлыг эхлүүлэх шаардлагаар эдүгээ буюу 2022 оны төсөвт 30 гаруй тэрбумыг суулгажээ. Бүтээн байгуулалтын ажилд Соёлын сайд Ч.Номин ихэд анхаарч буй. МАН-ын УИХ-ын өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт соёлын чиглэлийн хэд хэдэн байгууллагыг шинэ байртай болгох бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж тусгасан нь бий. Тийм ч болохоор эрх барьж буй нам, түүний байгуулсан Засгийн газар, яам хамтраад уг музейн барилгыг парламентын дараагийн сонгуулиас өмнө барьж байгуулан ашиглалтад өгөх биз ээ.
Энд анхаарал татаж буй асуудал нь музейн барилгын зураг бөгөөд үүнийг харах, хэлэлцэх боломжгүй. Хугацаанаас өмнө олон нийтэд харуулчихвал элдвээр гоочлоод ажил хийлгэхгүй гэж болгоомжилсон мэт нуучихсан. Тийм болохоор ямар загварын барилга болохыг таашгүй.
Музей хотын төвд байсныг холдуулсан нь олон улсын жишгийг дагасных гэж буй. Гадаад орнуудын байгалийн түүхийн музей хаана байдаг вэ. Хойд хөршийн энэ ангиллын “Улсын Дарвины” музей нь нийслэлийнхээ төвөөс 60-аад км зайтай байдаг тул метрогоор хүрч очих боломжтой. Метроны эцсийн буудлаас 1.2 км газарт алхаж очихоор зайтай аж. БНСУ-ынх нийслэл Сөүлээс 120 км-ийн алсад ойд шахам байдаг аж. Эдгээртэй харьцуулан авч үзэхэд байршлын хувьд асуудалгүй мэт. Гагцхүү барилгын зургийг харуулдаггүй, зарцуулах хөрөнгийн талаар мэдээлэл өгдөггүй зэрэг нь олон нийтийн дунд хардлага төрүүлэх бололтой.
Соёлын яамны шугамаар улсын төсвөөр барьж буйгуулах бүтээн байгуулалтын жагсаалтыг вэб сайтдаа ил тод байршуулчихвал сонирхсон нэг нь харна даа.
Үнэндээ орчин үеийн хүүхдүүд цирк гэж юу байдгийг мэддэггүйтэй адил байгалийн түүхийн музей гэж мэдэхгүй өсөж байна. Эдгээр нь танин мэдэхүйн ихээхэн чухал чиглэл билээ.
Барилгынх нь л тухай нураалаа, болиоч, эсвэл тэгэлгүй яах вэ, нурах гэж байгаа юм чинь гэж шуугиад байхаас бус, уг музейд чухам юу байдаг, яагаад чухал болох талаар өнөөгийн залуу ээж, аавууд, тэдний хүүхдүүд үндсэндээ мэдэхгүй.
Үүнийг 1924 онд Үндэсний музей гэдэг нэртэйгээр байгуулжээ. 1930 онд Төрийн ордны баруун хойно, өдгөө Чингис хааны гэх музейн барилгын бууринд байсан цагаан байшинд нүүлгэн оруулжээ. 1956-1991 онд Улсын төв музей байсан бол 1992 оноос Байгалийн түүхийн болгон өөрчилсөн. Тус музей газар зүйн, амьдралын үүслийг харуулсан, сансар судлалын, геологи, ашигт малтмалын, шувууны, палеонтологийн олдворын, ургамлын аймгийн, хорхой шавьжны, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын, тэмээний үзэсгэлэнгийн, шувуу ба хөхтөн амьтдын, говийн бүсийн амьтдын гэх зэрэг танхимтай. Нураасан байшингийн үүдэнд байсан чулуун хоёр арслан нь Богдын шар ордны шургааган хашааны үүдэнд байсныг 1954 онд газарзүйч, эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулсан юм билээ.
Их тэнгэрийн аманд Байгалийн түүхийн музейгээ байгуулаад, нийслэлчүүдийн танил чулуун хоёр арслангаар нь мануулан бэлгэдэж, үзэгчдээ урих өдөр холгүй хэмээн найдна. Гагцхүү үзэгчид барилгын загварт сэтгэл ханамжтай байх болтугай. Өнөө хэр нээгээгүй Чингис хааны гэх музейн барилга шиг элдвээр дуудуулах барилга, байшин бүү болоосой.