
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Хотоос хөлсний тэргэнд суугаад, Бэлхийн аманд байдаг Ардын яруу найрагч Дөнгөтийн Цоодол абугайтай уулзахаар гарч өгөв. Өвлийн их цасан дороос одоо л нэг ил гарч буй мөнх ногоон нарс, гацуур голлосон ой мод харж, хэдийгээр хүрээнээс гарч яваа ч замын түгжрээнээс аанай л гаралгүй зогсон саатан гэлдрүүлж явахдаа найрагч ахын тухай бодлоо.
Бид нэг редакцынх. 1990 онд үүдээ нээсэн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониныхон гэдэг завгүй улс байв. Төрийн төв хэвлэл гэсэн том нэртэй ч сонин маань ядуу, сурвалжлагчид нь мэдээ цуглуулахдаа унах машин байтугай юу бичсэнээ цохичих бичгийн машин ховор, компьютер хараахан нэвтрээгүй цаг байлаа. Өдөр бүхэн шинэ хүн ирж, ерөнхий эрхлэгч Б.Лигдэн, нэгдүгээр орлогч Ц.Балдорж нарт “судсаа бариулан” тэнцсэн нь ажиллахаар үлдэнэ. МЗЭ-ийн хорооны яруу найргийн зөвлөлийн эрхлэгч Д.Цоодол, Эрхүүгийн их сургуулийн будаг нь ханхалсан сэтгүүлч Д.Цэдэн-Иш, Намын түүхийн институтээс эрдэмтэн Ө.Энхтүвшин, МУИС-ийн төгсөх ангийн оюутан Ш.Сүхбаатар, Украинд зураачийн сургууль төгссөн Д.Баатархүү, МоАХ-ны Дарь.Сүхбаатар, автын инженер Д.Сүхбаатар, офицер Т.Ганди, Төв аймгийн байгаль орчны газрын Ж.Мягмарсүрэн... гээд нэрлэхэд л сонины маань ам бүл М.Цэдэндорж дээр үед “Цоохор цэргийн Самдан” гэж бичиж байсан шиг цоохор бүрэлдэхүүнтэй байсан юм. Ээ бас мундаг хүчирхэг сайхан хамт олон байж билээ.
Одоо л “Ардын” энээ тэрээ болоод байгаагаас биш, тэр үедээ маниасаа ялгарах юу байх вэ. “АЭ” шинэ, хоёрхон албатай, нэгийг нь Цоодолтон удирдана. Өөрөө бичнэ, албаныхаа хүмүүсийн бичсэний усыг шахна. Өглөө бүр дугаар хэлэлцэх гэж халуухан юм болно. Найрагч маань хэдийд нь шүлэг зохиолоо бичиж, орчуулгаа ч хийдэг байсныг бурхан л мэдэх байх.
Ямар ч гэсэн ажлаа ч хийж, уран бүтээлээ ч туурвиж тэр үед олон удаа болдог байсан яруу найргийн улсын уралдаанд байн байн жолоогоо өргүүлдэг байлаа. Тэр үед найрагч ах “Би Налайхаас нүүрс зөөж явсанаа оруулбал улсад 40-өөд жил ажиллажээ” гэдэг байсан. 40 гаран жил цалинтай ажлаа хийж, үүнтэй хамт 40 гаран жил илүү цагаар зохиолоо бичжээ.
Дөнгөтийн Цоодолыг мэдэхгүй, уран бүтээлийг нь уншаагүй хэн байх вэ. Ийм хүнийг сурвалжлах гэж яваа минь бараг илүү зан. Гэвч “Михаилд нэг бодол бий” гэдэг шиг надад нэг бодол байдаг. Түүний олон талт бүтээлийг тогтон задалж, судлах ялангуяа уншигчид дуртайяа уншиж, хүсэн хүлээж, урлаг соёлын талын, миний дуулснаар СУИС-д элсэгчид шалгалтад орохдоо ёс мэт унших нь их, тэр бүр санаатай дуулиудыг нь тогтон харж, ялган судалсан тулхтай ажил байдаг юм уу?
Өчүүхэн сэтгүүлч би гэхэд эрхэм ахын дуулиудыг хэдэн ч удаа, яаж ч уншсан уйддаггүй л хүн. Ингээд түүний дуулиудын тухай ярилцах их санаа өвөрлөөд явж байгаа минь энэ. Ярилцлага маань Луу гүний баян Итгэлт “эрдэмтэй хүний дэргэд ичмээр дамшиг” гэдэг шиг л юм болох байх. Гэвч зохиолчтой ярилцах нь ч ярилцаж л орхилоо.
-Таны яруу найргийн их сүрэг дотор “Дууль” гэж нэг дархан, эсвэл цөм сүрэг ч гэдэг юм уу байдаг. Яаж яваад энэ төрөл зүйлээд орчихсон хэрэг вэ?
-Би азаар их сайхан орчинд төрж, өссөн юм. Багад минь хүмүүс юм бүхэнд их өрөвч зөөлөн ханддаг байжээ. Булгаас ус барихаар явна. “Миний хүү усанд сүү, тараг оруулав” гэж захина. Худаг дээр эзэнтэй, эзэнгүй адуу мал орж ирнэ. “Энэ халуунд ангаж яваа даа, хөөрхий. Алив услаад гарга” гэх, хурга мал руу чулуу шидэх мэтийг нэг нүдээр үзэхгүй, “Болдоггүй юм дахиад чи шидээд үзээрэй!” гэж загнана. “Тэр эмээ аргал түүгээд ирж явна, яв. Аргийг нь үүрээд ир, ядраа даа хөөрхий” гэх жишээтэй.
Ертөнцийг аргадан хайрлах ухааныг эндээс л би олсон болов уу. Зөв сэтгэл байхад болоод явчихна. Дууль бичнэ гэдэг бол өрөвддөг, хайрладаг хүний явдал ч байж мэднэ. Хааяа, хааяа дууль мууль гээд байх болсон минь миний төрж өссөн хонхроос эхтэй болов уу.
-Таны “Улаагч үнээний тухай” дуулийн ижий, “Тэнэг” дуулийн эзэн хархүү, “Тэмээ Самдан”, “Нулимс” дуульд гардаг цэрэг эр... бүгд нутгийн, таньж мэдэх хүнээ бичжээ гэмээр байдаг. Миний нутгийн ч олон хүний дүр төрх өөдөөс өндийгөөд ирэх шиг болдог юм. Тэнд Самдан, Дондог нар байж л байсан даа.
-Уншсан хүнд тэгж бодогддог бол сайн л байна. Дуулиуд маань миний адил Талынбулаг, Бүрэнгийн царай төрхтэй нь ч үнэн. Гэхдээ яг бэлэн дүр хаа байх вэ. Хэдэн хүнтэй уулзаад тэднээ фото зураг авч байгаа юм шиг бичээд энэ нь шүлэг, энэ нь дууль гэдэг ч юм уу уншигчийн алган дээр тавьж орхидог бол үүн шиг амар хялбар юм гэж байхгүй. Биднийг залуу байхад хэв шинжит дүр бүтээ, цогц дүр бүтээ гэж номлодог байв даа. Яаж ч бодсон зөв байлгүй яах вэ. Зөв гэж бодоод одоо ч гэсэн тэр замыг баримталдаг даа. Дүр дүрслэлгүй юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй юм бичиж болохгүй. Миний хэдэн дуулийн аль нь дүр болж чадаагүй, ясгүй загас гэдэг шиг юм болчихоод яваагий нь би бүгдийг мэдэх биш дээ.
-Таны “Уужуу Дондог” мөн л нутаг уснаасаа буйлуулж бүтээсэн дүр биз. Тийм хүн одоо ховордож дээ.
-Сонинд ажиллаж байсны буян. Хөдөө сурвалжлагаар явж байхад тийм нэг айлд зам таарч хоносон юм.
Уужуу Дондог хэзээний уужим хүн
Уул мэдэхгүй талаа шоолсон юм шиг
Уужим уужим гэхэд дэндүү уужим хүн...
Дондог маань ер нь л нэг иймэрхүү эр. Юм л бол боож үхэх гээд байдаг улсаас өөр хүн.
Салхи гэнэтхэн сүрхийж гэрийг нь шидчихэд
Сандарсан авгай нь чагтагтайгаа ноцолдож байхад
Санаа амар Дондог хаяандаа хөл нүцгэн
Саасгар бяцхан ачтайгаа нялуурч суух нь уур
хүрмээр... харагддаг нь ч үнэн.
Үүнээс болсон уу, Дондог болоод Дондогорхуу хүнд нэг хэсэг нь дургүй байдаг. “Аа маагүй, цаг үеэ мэдэрдэггүй, хаашаа янзын юм бэ” гэж шүүмжлэх аястай болж байгаа нь үнэн.
Дондог яах вэ, мөрөөрөө амьтан. Тэгж налайж суулаа гээд амьдрал нь болж бүтэхээ байсан юм байхгүй. Морио уяж сумын наадамд уралдаад, тараг, айргаа уусаар л явдаг. Энэ улс юунд дандаа адгаж, яарч байдаг юм бол гэж тэднийг шоолж ханцуйдаа инээсээр явах хүн.
Дондогийг орчлон үл тооно
Дотроо тэр орчлонг үл тооно гэж байгаа биз дээ.
Учир нь манай Дондог
Унах унаа шөлний хоньтойгоо
Ус нутагтаа амьдарч явсан шүү дээ.
-Та Дондогтоо ер нь их элэгтэй юм аа даа.
-Яаж би түүнд элэггүй байх билээ. Дондог бол миний амьчлан шүтдэг улс орноо тэжээн хувцасладаг-малчин түмний маань төлөөлөгч. Дондогийн цаана нүүдлийн соёл иргэншил гэж аварга том нийгмийн хэлбэр байна. Дондог түүнийг чинь авч яваа үй олон ачтаны нэг. Дондог хорхойд хоргүй, аж төрж явтал нийгэм нь түүнийг амар жимэр суулгасангүй, үйлийг нь үзлээ.
-Дуулийн сүүлчийн хэсгийн хэрэг байсан юм уу. Дондог гэж жинхэнэ сайхан монгол өвгөний дүр гарчихсан. Дондог маань ингээд л аж төрж байсан бол гэж би бодсон.
-Арай л биш. Дондогийн эх дүр болсон өвгөнийд миний хонож өнжиж явахад бол Дондог Дондогоороо байж болох байсан. Түүнээс хойш их хугацаа өнгөрчээ. Дондог маань цаг хугацааны гадна байсан биш дээ. Малчдын амьдралд сөрөг юм их гарлаа.
Хуртай тэнгэрийн доор цэлийж байдаг нутаг маань
Хуучин ширдэгнээс дор урагдаж ноорч гүйцлээ
Туулай шиг хярсан хэдэн бор гэр минь
Тулгаа тулж буух хонд хөсөрдлөө
Тус болдог тэнгэр байна уу, үгүй юу гэж өвгөн малчин багтрах нь зөв юм аа
Хээрийн өвс мэт үржих дуртай
Хэдэн малаа би хаа бэлчээх юм бэ?
Ариун усаар нь угаалгасан булаг минь ширгэлээ
Адуугаа хаана усалж, цайгаа юугаар чанах юм бэ?
Авардаг бурхан байна уу, үгүй юу...
Аргаа барсан л хүний үг.
Монгол даяар ийм л юм болсон. Уг нь иймэрхүү зүйлийг мэдэхгүй гэдэг шиг дэргэд хүнээ ойлгохгүй. Өмөөрөх юмтай монгол шүлэгч ийм юмны хажуугаар амаа хамхиад өнгөрч болохгүй. Дууль төрсөн гол шалтгаан ийм учиртай юм. Ийм үед цөхөрсөн Дондог яав гэхээр,
Баргийн галав юүлсэн ч тоох шинжгүй атлаа
Базарваань гэрээсээ гараад эргэж ирсэнгүй ээ
Баруун жалгандаа хайлааснаас зүүчихсэн дуулдлаа
Энэ бол цаг үе, нийгмээсээ болж байгаа эмгэнэл!
Айл саахалтынхан нь хожимдсон хойно,
“Хэрвээ “Уужуу хүртэл үүндээ тулсан бол
Хэн маань амьд үлдэх болж байна вэ?!”
гэж шагшаан шуугиан болж байна. Өөр яах вэ. Үхлийн өмнө түүнийг дийлдэг нь хэн билээ. Өнөөх яаруу сандруу ухаантай улс яасан, ийм л юм. Манайхан юм бүр дээр хүн дуурайдаг хөөгдсөн амьтад шиг л байдаг.
Дээр үед бүүр яараад, яарсандаа капитализмыг алгасаад, нохой бөөс шиг үсрээд социализм байгуулж байна гэж үзэж байв шүү дээ, бид чинь өөрсдийгөө, бурхан минь. Одоо капитализмдаа явж өгч байна.
-Таны малчны сэдэвт дууль, “Уужуу Дондог”-оор дуусах биш, хөдөөгийнхний тухай хэчнээн л бол хэчнээн ярилгүй яах вэ.
-Насаараа оролдсон юм чинь эрхбиш ярих юм бий байх аа.
-“Тэмээ Самдан” нөгөө нэг улаагч үнээний тухай, “Чөдөр” гээд л яриач... Яагаав бас таван тэмээтэй, бас нэг Дондог, хоорондоо таардаггүй мөртлөө салдаггүй хоёрын тухай “Сэтгэл” гээд л ярихгүй юу. “Буруу Довдон”, “ороо Эрэнцэн” гээд таны “хүүхдүүд” олон байгаа. Хайрламаар дүрүүд.
-Тийм ээ. “Тэмээ Самдан” гэж бий. Хожимхон бичсэн юм. Сурлага, царай муутай ч байж магадгүй олон хүүхдэдээ амьтаж явдаг эх шиг би өөрийн бичсэн хэдэн муу дуульдаа, үүний дотор энэ “Тэмээ Самдан”-д их хайртай. Яагаад вэ гэхээр би Талынбулагийнхаа нэг өвгөнийг, өвгөнсөх юу байх вэ, хүүхдүүд бид Буваа гэж цээрлэдэг дэнхэр Чимиддорж гээчтэй багадаа тэмээ эрж явсан үйл явдлын мөрөөр бичсэн юм.
Мөн ч буянтай өвгөн байсан даа. Хэдхэн хул морь, саалийн хэдэн үнээнээс өөр юмгүй шөлний тав гурван хонь байсан л байх даа, авсаархан айл. Ганц хүү нь цэрэгт яваа л гэдэг. Ирэхгүй. Талынбулагийн тархинаас гарахгүй тийм л нэг өвгөн. Хэдэн хул мориныхоо нэгээр Төхөмийн дэрсэнд шогшиж явтал морь нь туулайнаас бусгаад өвгөн заларчихгүй юу. Тэр үед нь таарсан Дамдиндорж гэгч миний таних хүн,
-Би сумын төвөөс гарч Талынбулаг орох гэж Төхөмийн дэрсэнд явж байгаад Буваа дээр орчихгүй юу. Буваа араас нь ирсэн намайг мэдэлгүй ярьж байх юм.
-Чи даанч дээ! Би чамайг гомдоодог уу? Чи ч бүр намайг хэдэн хавирганаас минь салгах нь ээ. Даанч яав даа, чи гээд хүүхдэдээ гомдож байгаа юм шиг үглээд байна. Мориных нь оронд хүн байсан бол мөн их гомдох нь ээ гээд хөхөрч байж билээ.
Буваа өөрөө хүнийг байтугай унаа морио ялгадаггүй, гомдоодоггүй байсан хэрэг дээ. Манай эцэг хот явчихсан тэгээд л би өвгөнийг даган алдуул тэмээгээ эрж явсан ухаантай юм. Тэр зуны гантай гэдэг бэрх.
Бүрэнгийн ногоон толгод халуунтай хүүхэд шиг
Бүлээнээрээ хоноод улаан шороо тавина
Тэсгэлгүй халуунаар алдсан тэмээнийхээ хойноос
“Тэмээ” Самдан гуайг дагаж би эрэлд мордлоо гэхээс аваад
Найран дээр хөхүүр шавхаж “Тэмээ” хоч зүүсэн
Наадам дээр улсын зааныг чулуудаж сумынхаа хүүхдэд сөхөрсөн
Хашаатын дэрсний тэмээ Самдан
Хар ус уудаггүй тарвага шиг л явлаа...
Энэ тэр Буваагийн нэрнээс бусад нь үнэн болсон явдал. Гантай, айлууд манайхантай л адил тэмээгээ салхидуулаад алдчихсан болохоор ус нүдний гэм, умдаасаж гүйцсэн өвгөн, хүүхэд хоёр байтугай унасан морьд маань цангаж хоёр чих нь буучихсан л явна шүү дээ. Айл ховор усаараа цай чанаж өгөлгүй л яах вэ. Гэхдээ ус ховор, тэмээгээ олоод буцахыг л бодно. Гараад шогшино.
Хужиртай говийн тогтоолоос залгилах гэхэд
Хутга мэс үмхчих гэсийм шиг Самдан гуай маань хорив
Уначих шахсан нүд усан дээр байхад
“Удахгүй хоёулаа айлд очноо” гэж сэтгэл засав
Хааяа олдсон аяга цайг надад бүгдийг өгч
Хагар туссан уруулаа хэд шилэмдээд л гүйцээ!
Ийм л юм болж явсан юм. Дээр нь бас нэг мартаагүй юмаа би бичсэн байгаа.
Галзуу улаан нар галт шил шиг төөнөхөд
Гандсан муу бүрхээ надад бушуухан өмсгөж
Түнтгэр халзан толгой нь наранд ил
Түлэгдчих гэж явахад амандаа дуу гунганаж явна
Бид хоёр эрлээ олсон. Гурав хоноод Талынбулаг дээрээ ирсэн юм сан.
Буваа цангах юм биш гэж тэнэгхэн хүү би бодож явсан чинь булаг дээрээ ирээд тэр шууд л булгаа тэврээд уначихсан, залгилж балгалж, халзан толгойгоо норгоод Талынбулагтаа залбирч зогсож билээ.
Ус горхиноос, цай сүүнээс
Уугаагүй ээ би өмнөх үеийнхнээ л ууж өсч
Зурман чинээ биднийг хүн болгох гэж
Зуу зуун Самдан хуурай болтлоо цангаж явж... гэхчлэн цааш бичсэн юм.
Бид л олж хардаггүй болохоос биш, Эрнест Хэмингуэй л одоогоор манайд төрөөгүй байгаа болохоос биш, “Өвгөн, тэнгис хоёр”-т гардаг Сантьяго өвгөний дайтай хүн манайд ч байсан л байх. Сүүлийн үед сайн хүний тухай бичих нь ховордож дээ. Өөр сайн хүний тухай яривал байна, байна. Хөдөө гэдэг газартай, хүнтэйгээ аугаа их алтан орон зай.
-Таньтай уулзсаных цэрэг эх орны сэдэвт зохиолуудын тань тухай ярихгүй бол уншигчид маань намайг зүхэх байх. Таны “Сөгдөж айлтгая” гэдэг түүврийг би уншсан. Цэрэг эх орны сэдэвт шүлэг мөн ч олон таарсан. Аль нэгнээс нь эхлээд ярих уу.
-Миний багад манай хонхрын Ягаан толгой хавиар нутагладаг хормой Дорж гэж урт дээлтэй, хөлс алдсан олон охин хүүхэдтэй өвгөн байсан юм. Тэр Дорж, сүүлд Умбаа шар гэдэг өвгөн бас ярьдаг баян эцгийнхээ хамаг хөрөнгийг үрээд ханхай гэрт нь ганц алтан бурхан үлдсэнийг үрээд гар мухардсан эрийн тухай сонссон домог яриа хожим санаж бичсэн “Панз” гэж нэг дууль бий.
Шувтрах үнээ ч үгүй болсон гэргий нь
Шулганасан үрээ дагуулаад төрсөн гэртээ харьлаа
Шугуйгаас үлдсэн өнчин мод шиг панз
Шуугиант хорвоод томоожсон ч үгүй удлаа
гэж эхэлдэг дээ. Цаг явж, нутгаар нь харийн дайсан ирдэг. Хүмүүс ус нутаг, гэр орноосоо дүрвэн ундуй сундуй бараа тасардаг, хүний яс мөс хувирамхай нь ч тэгж харагдаж байгаа юм. Панзчин эр маань гэртээ ганцаараа үлддэг билээ.
Жаахан голоосоо би гамингийн морь услуулахгүй
Жарангийнхаа хөндийн зээрнээс дураар нь хядуулахгүй
Их өвгөдийг минь эд нар зоосны нүхээр сүвлэж
Инээж байгаад биднийг пүүсний бараагаар талсан
Илж дасгаад тэд малаас минь туусан
Ирж байгаад одоо хүнээс минь ална гэнээ!...
Ингэж уурссан панз морио хөнгөрөөн мордож, мундахгүй олон хүнийг сөнөөсөн тухай хонхрынхоо буурлуудын ярианаас сонсоод иймэрхүү юм бичсэн юм. Миний дуулийн гол хэлэх гэсэн юм нь:
Аврал эрж мөргөх бурхандаа ч харамсаагүй эр
Амьд яваа цагтаа ганцхан нутгаа харамласан
гэж төгсгөлд нь гол санаагаа хийсэн гэж боддог.
Бидний өвгөд яасан их ухаантай улс байж вэ. Малгайн чинээ жаалхан биднийг гэж гололгүй тийм чухал домог ярьж, нэг ёсондоо хурцалж явжээ гэж одоо хэлмээр санагддаг юм аа.
Цэрэг эх орны сэдэв эрхэм дээд сэдэв. Бидний багад цэрэг, эх орны тухай их ярина. Ямар л яриа хөөрөө байна, ном сонин уншина 1921, 1939, 1945 оны дайны тухай болоод явчихна. Манай сумаас дайнд оролцсон Т.Ширчин, Т.Шийрав, Д.Мангаа, Ө.Цэрэндорж гээд ах нар сурагч бидэнтэй уулзаж, байлдаж тулалдаж явсанаа ярина. Манай булагт Дулга гэж олон малтай нэг эр байв. Тэрбээр хааш нь ч зарсан нутагтаа эргээд ирдэг нэгэн ширээ шар аттай байлаа. Хэзээ ч хааш нь ч зарсан эргээд л ирнэ. Нэг удаа Дулгынд олон хүн цуглаад найрлаж байтал өнөө Цэрэндорж босоод Дулгын нүүр лүү долоовор хуруугаараа чичиж,
-Чи муу бирд, муу шар тэмээгээрээ ямар их юм олов! Тэмээгээ яасан их зовоов. Би чамайг бодвол дайнд явж юм юм үзсэн хүн. Жанчхүүгээс нааш үхсэн морьд бүгд эх орноодоо харж унасан байдаг юм. Тэмээг чи ухаангүй гэж бодож байна уу. Ухаантай, бас л цөмөөрөө Монголоодоо толгойгоо харуулж үхсэн байсан. Мал зовоодог муу бирд чамайг буудчихсан ч яадаг юм гэж агсамнана. Хэзээний малд хайртай манай хот айлынхан шунахай Дулгыг ганц сайн болгож тавилаа гэж шивнэлдэн ярилцаж байж билээ. Энэ бүхэн төрж өссөн эх орон бол хүнд төдийгүй адгуус амьтанд хүртэл хамаатай байдаг тухай яриа байж л дээ. Тэгэхлээр миний чадан ядан бичсэн эх орон, төрсөн нутгийн тухай шүлэг дууль бол өвгөд дээдсийнхээ ярианы үргэлжлэл гэж боддог.
-Зөвхөн дууль биш, эх орны тухай шүлэг Танд олон бий дээ...
-Сараачсан цаас зөндөө болжээ. Ямар сайндаа би цаасны тухай,
Хүн болсоор найрагчийн үрсэн цаас
Хүндээрээ атны нуруу хугалмаар
Гамгүй сараачсан цаасыг нь дэлгэж гэмээнэ
Галба Шанхын говийг хэд дахиад хучмаар
гэж нэг шүлэгчийн тухай бичиж байх вэ. Эх орны магтуу маягийн шүлэг зөндөө л бичиж явсан.
1975 онд би сэтгүүлчийн ангийн төгсөлтийн дадлагаа “Үнэн” сонинд хийсэн юм. Тэр үед Соёлын хэлтсийнхэн “Эх орны тухай шүлэг байна уу” гэхээр нь би хариад өдөртөө “Жаргалтай дэлгэр орон” шүлгээ бичээд сонинд оруулж байсан удаа бий. Хүүхдийн сурах бичгээс эхлээд олон удаа хэвлэгдэж байлаа. Магтсан бахархсан шүлэг бичээд байж болно оо. Гэвч манайхны магтсан шүлгүүдийн ихэнх нь ерөөл, бузгай юм хэлэх нь үү дээ гэсэн нь хараал болчихдог гэм байх л юм. Энэ бүгдээс тойрохын тулд шүлгийнхээ үйл явдлаар юм хэлж болно гэж би бодсон. Миний “Нулимс” гэдэг дууль бий. Байлдаж, харийн манханыг туулж өрөөсөн гарнаасаа салж зовлон туулсан ч дусал нулимс унагаагүй цэрэг эр:
Үхэл зовлон туучиж амьд гарсных
Үлдсэн муу гараараа одон тосч байхдаа ч
Улаан гангийн тэнгэр шиг хуурай нүдтэй цэрэг эр
Урт аяны дараа л сая нэг асгаруулсан юм
Гаднаа зогсоо ээж, төрсөн гэрийн бараа
Гараад ирэхэд л нулимсаа барьж чадаагүй юм
Дэгж дэрвэж өссөн төрсөн нутаг гэж
Дэлхий дээр нэг жаалхан юм байх юм аа
Дээсэн дөрөөтэй амь нас, эх оронч сэтгэл
Дэмий л тэгнэ тэр жаалхан юмнаас эхлэх юм аа.
-Нөгөө “Харамчийнхан”-ы тухай энд л ярих ёстой доо.
-Яах вэ, хүмүүс овоо мэддэг юм шиг байдаг. Би ямар бичсэн зохиолынхоо дүр бүгдийг амьд мэнд хүний чинээ бодож амьдралаар нь амьдрах чинээний мундаг амьтан биш. “Бовари хатагтай”-г бичсэн Флобер Боварыг хор ууж бие нь муудах үед яг л өөрөө хор уусан юм шиг шинж зохиолчийн биед илэрч тэвдэж байсан гэдэг. Хүмүүс “Харамчийнхан”-ыг байнга яриад, хүүхдүүд “Сурахаасаа” уншаад энд тэнд хэвлэгдээд байхаар нь би “рольдоо итгэсэн үү”, яасан харамчийнхандаа хайртай л явдаг. Гэхдээ харамч ах дүүс, тэдний тухай хэрхэн бичсэнээ олон удаа ярьсан шүү дээ. Эхлээд сүргийн бэлчээр талаасаа Халхын голд очиж гавьяат үйлсийг бүтээгчдэд зориулсан “хөшөө” босгохын чинээ л юм бодсон. Ямар ч юм бичсэн мундаг юм хийчихлээ л гэж боддог. Сүүлд харахаар нойрны эм болчих нь хэцүү юм даа. Эр цэргийн тухай “Алтайн домог”, “Менделеевийн үелэх хүснэгтийн тухай дууль”, “Жаахан Самдан”, хамгийн анх надад “Болор цом” авчирсан “Нэргүй баатрууд Танаа” гээд ярьж болох ч бидний үг олдож үхэр холдлоо.
-Үхэр холдох болоогүй ээ, ах минь. Та ер нь хэдэн дууль бичсэн хүн юм. Тоймлоод үзвэл дуулиудыг тань сэдвээр нь юу юу гэж хэд хувааж үзмээр юм бэ, энэ тэр гээд надад сонирхож байгаа юм бий.
-Хэн мэдэх вэ. Би ямар мөнгөө дандаа тоолж байдаг Гобсек биш. Яруу найрагт тоо нэмэргүй. Хүмүүс дууль гэхээр дандаа цэрэг цуух дайн байлдааны тухай боддог. Тийм юм байхгүй. Юу л бол юу бичих төрөл зүйл. Яг л Назым Хикметийн Хирошимын аюулд орсон жаалхан охины тухай дууль, Явуу багшийн “Сохор зоосны дууль”, “Тэхийн зогсоол”, Сергей Есениний “Жингэрийн тухай дууль”, Д.Нацагдоржийн анх англи, шотландаас орчуулсан “Хэрээ хэрээнийхээ зүг ниснэ” гэхэд атомын бөмбөгний хор хөнөөлийн тухай, хүн хүнээ дарлагч нийгмийн тухай, төрөх үхэх хорвоогийн жам ёсны талаар, хөөрхий эх нохойн тухай гээд юу л бол юу гардаг биш үү.
-Танд бас “Чулуун нүүрсний дууль”, “Хуучин дэр модны дууль”, “Дутуу Санжаа” гээд л өнөө үе, ажил хөдөлмөрийн сэдэвт дуулиуд байдаг.
-Байх ёстой. Тэгж үзээд ган замчид “Хуучин дэр модны дууль”-д минь хөшөө босгосон байх. Би эх орныхоо талхыг идэж яваа баатрууд зөвхөн дайн тулаанаар тодордог юм биш. Эх орон гэж хашгичсанаар баатар болдог юм биш. Хэдэн малаа цас, борооноос алд биеэрээ хамгаалж явдаг, халуунд халж, хүйтэнд хөрч хэдэн малаа байлгаж байдаг энэ хүмүүс жинхэнэ баатар! Уурхайн гүнд нүүрс ухаж, цахивалзсан хүйтэнд барилгын орой дээр тоосго өрж яваа хүмүүс ч ялгаагүй.
“Хуучин дэр модны дууль”, Багануурын уурхайд очиж уурхайчидтай ижий, ахай болж явахдаа бичсэн “Чулуун нүүрсний дууль”-д минь чулуу хөөлгөсөн юм байхгүй. Компьютер ухаж бусдын ярьсан хэлсэн юмаар эгэл түмэндээ хуурай агсам тавьж явснаас эгэл олноороо бахархаж явах минь дээр. Дуульд юуг ч бичиж болно гэсэн бодлоо дээр хэлчихлээ.
Үнэндээ гэвэл би юм бүхний тухайд биш, сэтгэлийн хүйтрэл зан суртахууны гэм нүглийг үзэн яддаг. Ийм явдлын эсрэг бэх, цаасаа үрж яваа хүн. Ханьдаа хэлээгүй муухай үг нэг удаа хэлээд үүрд алдсаныхаа учрыг олоогүй мулгуу эрийн тухай (“Хэнэггүй эрийн дууль”), эзгүй уулын хамаг анг түүн мөнгөжиж хэдэн үнээ, гүүнийхээ сүү айргийг хүртэл ганцаараа уудаг, нэг ёсондоо хөрөнгөний өвчин туссан эр ингэж явсаар гэнэтийн их шуурганд өрх, үүдээ цасанд даруулан амь тавьж байгаа (“Хар толгойн дууль”), анх аавынхаа заавраар зурам агнаж, арьсыг нь тав таван мөнгөөр өгч байхад нь хоёр хөлөөс өргөн сугсарч байгаа зурам өөрт нь залбирч байгаа юм шиг харагддаг байсан нэг хүү бий. Хожим өсөж том болоод эн цунгүй баяжсан хойно нь хүн гэдэг юу ч биш зурам шиг харагдах болсон (“Хүн оготнын дууль”) гэдэг ч юм уу, сэтгэлийг минь сэрвэгнүүлэх болсон дүр аминдаа бол надад овоо хэд бий.
-Нээрээн л ингээд яриад байвал сунаад л байх нь. Та тэр жил Д.Урианхай зохиолчтой хийсэн нэг хөөрөлдөөнөө “Өдөржин шөнөжин” гээд нэрлэчихсэн байсан, түүн шиг юм болох нь ээ. Эртээд би Таны дуулиудыг эргээд унштал “Сүү”, “Хадаг Дэжид”, “Сүүдэр шийний дууль”, “Гэзэг” энэ тэр гээд бүсгүй хүний дүр олон байх юм билээ.
-“Торгон Янжин”, “Мөнгөн халбагат эмээ” энэ тэр гээд өөр ч юм бий, бий. Хүүхнүүдээс задарч яваа нь олон байна, ядарч яваа нь тэднээсээ олон юм. Хүүхэн ядруу явах тэдний доройгийнх биш, хань нөхрөөсөө болдог юм.
Зохиолчийнхоос оройн нарнаар гарав. “Дулаахан айл” гэсэн нэвтрүүлэг телевизээр үзэгдээд байна. Дөнгөтийн Цоодол найрагчийнх гэж нэг дулаахан айл Бэлхийн уулын дунд хаваржиж байна. Эглээс эгэл найрагчийн зохиол бүтээлийнхээ тухай ярианд нэг онцлог байна. Түмэнд хүрсэн дуулиудынхаа тухай гэхэд муу эр мод, чулуу гэдэг шиг тэр тэгж магтаад, тэр ингэж хэлээд гэж гэрч татна гэж ерөөс үгүй юм. Өөрийг нь дуульчийн хувьд, академич Х.Сампилдэндэв “Цоодол бол Монголын дуулийн “Загалмайлсан эцэг” гэж үнэлж. Ардын яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж 1970-аад онд “Намайг Монголын бэсрэг найраглалд шинэчлэл хийсэн гэдэг бол ная, ерээд онд Цоодол дуулийн хувьд эргэлт гаргасан” гэж үнэлж, үүнийг нь Бажуудайн Ганбат, До.Цэнджав, Д.Цэвээндорж нарын хүн лавшруулан үнэлж бичсэнийг нь би гадарлах юм. Хот орж ирсэн хойноо “Өдрийн мэдээ” сонины нэг ажилтантай таараад Цоодол гуайнд очиж дуулиудынх нь тухай ярилцаад гэж сонин болгосон чинь “Уран зохиолын шинжээч, доктор Г.Батсуурь энэхавар манай сонинд дуульч Дөнгөтийн Цоодолын гэж байгаад дуулиудын нь тухай маш нарийн бичсэн, тэрнийг хараарай” гэлээ. Энэ бол дуультай хорвоогийн нэгэн дуульч ахынхийж бүтээсэн бүхнийг хэдэн арван жил өнөөдөр ч гэсэн нөхөд нь уншсаар, судалж үнэлсээр яваагийн тухай яриа юм гэж мөхөс сэтгүүлч би баярлан бодож үлдлээ.