
Манай улсад урлаг судлаачид шинэ төрсөн бүтээлийн талаар төдийлөн бичдэггүй, хэлэлцдэггүй, шүүмж өрнүүлдэггүйн гор гарах нь бололтой. Уран бүтээлчид, үзэгчид ч учраа олохоо больж, улс төрийн орчинд голдуу ярих болсончлон ойд төөрсөн сармагчин лугаа адил үл мэдэх байдалд орж, улмаар цаашид хэрхэхээ шийдэж ядан зүг чигээ алдах магадлалтай болов бус уу.
Манай улсын хоёр том театр ойр, ойрхон шинэ бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэлээ. ДБЭТ Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулж тавьсан нь амжилттай болсон, үгүй нь мэдэгдэхгүй байна. Тус театрын ерөнхий балетмейстерээр дахин томилогдсон, туршлагатай багш Д.Дашлхагва уг бүтээлийг өөрийн хувилбараар өөрчилснийг театрын гадна буй балетчид болон үзэгчдийн дундаас ч ихээхэн шүүмжлэв. Ажил хэрэгч шүүмж өрнүүлэх гэхээс илүүтэй дургүйцэн, унтууцав. Шинэ бүтээл төрөхийн өмнө балетмейстер Д.Дашлхагватай холбогдож тодруулахад тэрбээр “Орон бүрийн театр өөрийн гэсэн “Жизель”-тэй байдаг. Зохиолын утга, үндсэн цомнол хэвээр. Харин найруулга, дэглэлтийг бол өөрчилсөн. Хэсгүүдийн ойлгомжгүй байсан холбоосуудыг ойлгомжтой болгосон” гэсэн юм.
Жүжгийг тайзнаа гурван үдэш тоглосон. Тэгтэл балетчин, гадаадад олон жил мэргэжлээрээ ажилласан, ДБЭТ-т уран сайхны удирдагч ч байсан Б.Түвшин “Хэрэв “Учиртай гурван толгой” дуурийн Юүндэнгийн ариг Хоролмаа, Нансалмаагийнхыг Балган дуулбал Монголын дуурь сонирхогчид болон тайзны урлагийнхны дургүйцэл туйлдаа хүрэх болов уу. Балет ангийн ерөнхий түвшин, тэдний хийж бүтээснийг, ур чадварыг үгүйсгэх сэтгэл огт алга. Мөн дасгалжуулагч багш нарын нөр их хөдөлмөр, хамтын ажиллагаа, маш өндөр түвшинд хийсэн бэлтгэл сургуулилалт, гүйцэтгэл яах аргагүй сайн байгаа нь харагдлаа. Гэвч ерөнхий балетмейстер найруулагчийн ажил чамлахаар барахгүй хатуу шүүмжлэл дагуулж байна. Энэ бүтээлийг хошин шог болгож болохгүй юм сан. “Жизель”-ийн тухайд Сен Жорж цомнол бичиж, Адольф Адан хөгжмийг нь зохиож, бүжиг дэглээч, найруулагч Жан Коралли балет болгосноос хойш дэлхийн балетын хөгжлийн агуу түүхийн уламжлал болоод одоо бараг 200 жил өнгөрч байна. Манай улсад социализмын үед Соёлын яам гэж байхад шинэ уран бүтээлийг яамны коллегийн хурлаар заавал хэлэлцэж, Дуурийн театрын Уран сайхны зөвлөл баталж, нийт уран бүтээлчийн хурлаар хэлэлцүүлдэг, уран бүтээлийн удирдлагын нэгдсэн бодлоготой байсан. Одоо бол бурхангүй газар бумба галзуурна гэдэг шиг юм болж байна уу. Дэлхийн хамгийн сор болсон, хуруу дарам сонгодог балетын нэг “Жизель” дээр туршилт хийж хэрцгийгээр гар дүрж яагаад ч болохгүй. Энэ бол хөдөлгөөн бүрийг бодож хөгжүүлэн, хөдөлшгүй болгосон тавилттай жүжиг юм. Хөгжмийн зохиолчийн эцэслэн бүтээснийг хэн, яагаад зөрчиж энд тэндээс нь хасаж, танасан хэсгийг гаргаад ирэв. Татвар төлөгчдийн мөнгөөр дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байдаг газар нь энэ театр биш. Театрын уран сайхны удирдагч хаана байна. Уран сайхны зөвлөл театраа хөгжүүлэх талд ямар бодлого боловсруулж, ур ухаан уралдуулж байгаа юм бол. Манай театрын хөгжимчид ур чадвартай, хэдэн дуурь, балетын хөгжмийг нүдээ аниад ч тоглож чадна. Залуу удирдаач Т.Юндэн балетын нарийн онцлогийг сайн гаргаж удирдсан. Харин либреттог харахад хэсгүүдийн уялдаа холбоо байхгүй. Ийм байж болохгүй” гэж анхлан бичсэн юм.
Түүний дараа үзэгчдээс “Жизель”-иэ таньсангүй. Гомдолтой байна. Энэ балетыг яах гэж тоглох болгонд нь үздэг вэ. Дуртай хэсгүүдээ дахин дахин харж, таашаах гэж, давтагдашгүй хөгжмийг нь сонсох гэж л тэр шүү дээ. Гэтэл хамгийн дуртай адажио минь ч байхгүй болчихож. Хувцас нь хаашаа болчихсон юм. Сүнснүүд бүжиглэдэг жүжиг шүү дээ. Сиймийсэн яг л сүнснийх гэх мэдрэмж төрүүлэхээр цагаан цэнхэр өнгийн даашинз нь хааччихав” гэх зэргээр бухимдсан. Үүний зэрэгцээ “Гоё л болсон байна шүү дээ”, “Хувцас нь лав таалагдсан”, “Сонгодог бүтээлийг оролдож болохгүй гэж хэн, хаана хуульчилсан байдаг юм бэ” гэсэн хүмүүс ч байлаа. Энэ хоёр янзын үзэгчдийн тухайд эхний хэсэг нь уг бүтээлийн фэнүүд гэдэг нь тодорхой. Харин дараагийнх нь анх удаа үзсэн байж болзошгүй. Тийм болохоор үзэхэд гоё байсан тухай ярина уу гэхээс биш, харьцуулах, үгүйлэх, зөвтгөж, буруутгах учраа олохгүй байсан болов уу.
Жүжгийг гурван үдэш дараалан тоглосноос хойш удалгүй балетын мэргэжилтнүүд бичиж эхэлсэн юм. Б.Туул “Шүүмж нь бүтээлд чинь дүгнэлт болно. Уран бүтээлчдийн чадвар, гүйцэтгэлийг тодорхойлоход тусална. Бүтээлийг чинь түүхэнд тэмдэглэн үлдээнэ. Ололт амжилтыг дүгнүүлж, сурталчилна. Үзэгчдэд ойлголт өгнө. Удирдлага, найруулагчид, нийт уран бүтээлчид ч санаа оноо өгнө. Эрхэм уран бүтээлчид орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, нийгмийн өөрчлөлт, үзэгчдийн хандлага, хүслийг хангаж буй, эсэхээ эргэцүүлэх шаардлага үүссэнийг анзаарах сөхөөтэй байх хэрэгтэй. Уран бүтээлийн эрэл хайгуул хий. Ядахдаа багш, шавь, найз нөхдийн явцуу хүрээгээр бие биеэ өөгшүүлж хөөргөх нь холын аяныг зорьж яваа нэгнээ төөрүүлэх аюултай шүү дээ” гэсэн байв. Балетчин Ц.Жаргалан “Хоёрдугаар үзэгдэлд авууштай санаа байсан ч хайран адажио. Бас тус бүртээ “орц, нормтой” байх ёстой үсрэлт, эргэлтүүдийг ийм олон удаа хийлгэх хэрэг байсан уу” гэснийг балетмейстер Х.Гансүрэн хүлээн зөвшөөрсөн байв. Мөн Х.Гансүрэн багш “Балетад бүжигчдийг бүжиглүүлж ур чадвараар нь үзэгчдийг алмайруулах нь бүжиг дэглээчийн онцгой чадвар. Хайран сайхан бүжигчид маань ураа ч үзүүлсэнгүй” гэсэн. Эцэст нь Ц.Жаргалан “Өөрчилж болдоггүй классик гэж байдаг юм” хэмээсэн. Орчин цагт технологийн талбарт мэргэжилтнүүд энэ мэтчилэн хоорондоо ярилаа. Эндээс харахад сонгодгийн сонгодог гэж үнэлэгддэг “Жизель” балет авахын аргагүй юм болсон уу, Д.Дашлхагва багш буруу бодов уу, эс бөгөөс шүүмжилж буй нөхөд зөрүү яриад байгаа юм уу. Тийм бол багшийн санаачилга, нөр их хөдөлмөр талаар нэг болов уу. Өнөө цагт дэлхийд балет ямар байгаа юм бэ. Алийг нь өөрчилж болдог, юуг нь хөдөлгөөнгүй, эгээ л музейн хосгүй үнэт үзмэр мэт анхныхаар тайзнаа харуулах ёстой вэ. Чиг хандлага ямар байна. Эс бөгөөс дэлхийд хэн, яах нь хамаагүй, бид эндээ хүссэнээ хийх нь урлаг юм уу. Урлаг судлаачид үүнд хариу өгч байх учиртай. Тэд хаана байна. Ийм мэргэжилтэй нь олон. Гагцхүү аль нэг сургуульд хичээл заагаад цалин аваад явж байдаг. Мэргэжлйин урлагийн байгууллагууд руу шагайх нь ховор. Уран бүтээлчид, олон нийтэд хандаж бичдэггүй, ярьдаггүй ийм урлаг судлаачидтай хэдий болтол байх вэ. Тэднийг ажиллуулах ямар механизм байж болох вэ.
УДЭТ-т алдарт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Херо”-гоор овоглосон Б.Баатарын шинэчлэн найруулснаар үзүүлсээр байна. 1998 онд Ч.Найдандорж найруулагчийн шийдлээр, дараа нь Б.Баатар агсны найруулгаар тайзнаа тавьсан. Аль нь ч үзэгчдийн таашаал хүртсээр өнөөг хүрсэн. Одоо гэтэл ёстой л тэсрэлт болж байх шиг. Үндэсний сонгодог хэмээн хэдийн тодорхойлсон энэхүү бүтээлийг үзсэн зарим нь “Амаа ангайсаар байгаад дуусгалаа. Нэг амьсгаагаар үзлээ” гэж байна. Үзэгчдийн эрэлт ихтэй байгаа учраас тэр биз, нэг тайз дундаа хэрэглэдэг ҮУИТ-ынхан нь тавдугаар сард төлөвлөсөн гурван ч тоглолтоо яахаа мэдэхгүйд хүрээд байна. Шинэ “Тамгагүй төр” үнэн хэрэгтээ урлагийн ямар бүтээл болсон юм бэ. Драмын сонгодог жүжиг гэдэг жанрт нь барьсан уу, эсвэл тэгэх шаардлагагүй юу. Үзсэн хүмүүсийн ярьж байгаачлан тэртээ Америкийн Бродвейн шоу маягтай болоо юу. Их зохиолч хэмээн өдгөө тодорхойлоход буруудахгүй Б.Лхагвасүрэн сэрүүн тунгалаг сан бол юу гэх байсан бол. Нэрт хэмээн өргөмжилсөөр ирсэн Б.Баатар найруулагч энх тунх сан бол юу хэлэх байв. Б.Баатар найруулагчийг өөд болоход драмын театрынхан “Бид чинь одоо хэнийгээ сонсох болж байна аа” хэмээн гаслан гуниглаж байсан. Өдгөө тэд “Херо” Баатарын сэтгэлгээ, ур чадварыг хэрхэн үнэлж байна вэ. Таг дуугүй. Энэ бүхэнд мэргэжлийн урлаг судлаач хариу өгөх учиртай. Урлаг судлаач бол маш их судалсан, дүгнэлт хийх чадвар бүхий, өөрөөр хэлбэл, жүжигчин, бүжигчин, найруулагч нараас илүү өргөн цар хүрээний мэдлэгтэй, боловсролтой, өндөр түвшний мэргэжилтэн байх ёстой. Тийм хүн өнөөдөр хаана байна.
Соёлын яамны албаны хүнээс энэ тухай асуухад “Урлаг судлаач дутагдаж байгаа нь үнэн. Яам энэ асуудлыг анхааралдаа авсан. Энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэхийн өмнө үнэхээр урлаг судлаачаар ажиллах, амьдралаа болгох сонирхолтой хүмүүсийг олж, сонгож дэмжих ёстой. Энэ бас асуудал” гэж байлаа. Юутай ч төрийн яам асуудлыг анхааралдаа авчээ. Тэдний зүгээс хүн тодруулаад, дэмжиж сургах, тухайн хүмүүс ажиллаж эхлэх хүртэл чамгүй хугацаа өнгөрнө. Тэр болтол театрууд өнөөдрийнх шиг үзэгчдийг л байлдан дагуулж байвал гэсэн ганцхан шалгуурын дор юуг ч, яаж ч хамаагүй хийсээр байх уу. Жишээ нь, “Тамгагүй төр”-ийн тухайд драмын урлагийн амин сүнс гэдэг талаас нь харахад үзэгчид шоу үзэж буй мэт алмайрч, ангайх бус, харин ч үзэгдлээс үзэгдлийн хооронд, дүрүүдийн харилцан яриан дундуур бодлогошрох, өөртөө асуулт тавих, дотоод сэтгэлдээ хариулах, магадгүй, хамт үзэж буй хүнтэйгээ биеийн хэлэмж, харцаараа ч болов харилцан ярилцах хугацаа, орон зай өгөх ёстой байсан уу. Энэ талд найруулагч Б.Баатар агсан юу хэлэх байв. Хоёр гараа өргөн сайшаах байсан уу, эс бөгөөс “Даанч яав даа” гэх байв уу. Үүнд ч мөн урлаг судлаач л хариулах ёстой юм. Тэд үзэгчдийн, уран бүтээлчдийн ч харах зүг, тэнгэр дэх алтан гадас од байх ёстой юм.