Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэнси Пелоси өнөөдөр Тайваньд айлчилна

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнөөдөр буюу 8-р сарын 2-ны орой Тайваньд хүрэлцэн ирж, тус арлын удирдлагатай уулзана гэж Тайваний ETtoday портал мэдээлэв.

Тус хэвлэлд бичсэнээр, АНУ-ын 20 орчим хүний ​​бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг тэргүүлсэн албаны хүн орон нутгийн цагаар 22:30 орчимд Тайбэй хотын Соншан нисэх онгоцны буудалд газардах ёстой.

Тэрээр Grand Hyatt зочид буудалд  хоноод, маргааш нь буюу   8-р сарын 3-ны өглөө  Тайваний парламентад зочилж, дараа нь ерөнхийлөгч  Цай Инвэнвтай уулзах юм байна.

Пелоси тухайн өдрийн үд дунд тус арлыг орхих аж.

Азийн орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Япон, Солонгос, Малайз, Сингапурт айлчлахаар төлөвлөжээ. Тэрээр аюулгүй байдлын үүднээс Тайваньд ирж магадгүй гэсэн мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Пелоси 4-р сарын эхээр тус  аралд айлчилж болох байсан ч коронавирусийн халдвар авсан тул аялалаа цуцалсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээр Хятадын дипломатууд хоёр талын "ашиг сонирхлын үүднээс" АНУ-ын төлөөлөгчдийг Тайваньд айлчлахыг хүсэхгүй  байгаагаа АНУ-ын конгрессменд ойлгуулахыг ихээр хичээжээ.

Хятадын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй хэлэхдээ, Төлөөлөгчдийн танхимын дарга бол Америкийн эрх мэдлийн тогтолцооны гурав дахь чухал хүн бөгөөд түүний Тайваньд айлчлах нь "нэг Хятад" зарчмыг зөрчиж, нөхцөл байдлыг хурцатгаж,  цэргийн салбарын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж онцолсон юм. Түүний хэлснээр, "Хятадын арми үүнийг зүгээр хараад өнгөрөөхгүй бөгөөд гадны хөндлөнгийн оролцоо, салан тусгаарлагчдын Тайванийг  тусгаарлах оролдлогыг зогсоохын тулд бүх арга хэмжээг авах нь гарцаагүй" гэжээ.

Хятад улс Тайванийг өөрийн муж гэж үздэг бөгөөд тус арлын  албаны төлөөлөгчдийг  Бээжинтэй  дипломат харилцаатай орнуудын эрх баригчидтай ямар нэгэн харилцаа холбоо тогтоохыг эсэргүүцдэг билээ.

Өмнө нь  АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх хүчний онгоц тээвэрлэх анги Өмнөд Хятадын тэнгисийг орхин Тайванийн зүүн өмнөд хэсгийг чиглэн хөдөлсөн гэж мэдээлсэн.