Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Луганск, Донецк, Херсон болон Запорожд ОХУ-тай нэгдэх бүх нийтийн санал асуулга эхэллээ

Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ), Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ) мөн Оросын армийн мэдэлд ороод байгаа  Хэрсон, Запарож мужуудад   ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай бүх нийтийн санал асуулга өнөөдөр буюу баасан гарагийн өглөө Москаагийн цагаар 08:00 цагаас  эхлэв.

Санал асуулга  есдүгээр сарын 27-ныг дуустал  үргэлжлэх бөгөөд аюулгүй байдлын үүднээс  санал хураах байруудад бус, оршин суучдын байрнуудын гадаа   болон гэрийн хаягаар шууд  хандан санал авч байна.

Донецк болон Луганскын оршин суугчид "Бүгд найрамдах улсыг ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байна уу" гэсэн асуултад хариулах бол  Запорожье, Херсон мужууд саналын хуудсанд "Та тус бүс нутгийг Украины бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон улс байгуулж улмаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байна уу?" гэж бичжээ.  

Донецкт  нийт 450 санал авах байр нээлттэй ажиллаж байна. Харин  Луганскийн Сонгуулийн хороо   461 санал авах байр нээжээ. Запорож мужийн нутаг дэвсгэрт 394, Херсон мужид 198 санал авах байх тус тус ажиллаж байна.

Луганск, Донецк, Херсон, Запорожийн эрх баригчид дээрх санал асуулга явуулах болсон тухайгаа энэ есдүгээр сарын 20-нд нэгэн зэрэг  мэдэгдсэн бөгөөд эл шийдвэр нь ийнхүү ердөө  гарав хоногийн дотор биелэлээ олов.  

Энэхүү санал асуулгын дүнг Европын Холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тус холбооны  Гадаад хэргийн сайд Жозеп Боррель мэдэгдээд байгаа бол НАТО-ийн гишүүн орнууд  бүх нийтийн санал асуулгыг НҮБ-ын дүрмийг зөрчсөн "зохиомол", "хууль бус" үйл ажиллагаа  хэмээн буруу шаасан юм  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ    " Донецк, Луганск Ард Улс, Запорожье, Херсон мужуудын дийлэнх оршин суугчдын ирээдүйнхээ талаар гаргах шийдвэрийг Орос улс дэмжинэ”  гэсэн юм.  Түүний хэлснээр "Бидэнд ойр дотны хүмүүсээ яргачдын гарт зүгээр өгөх ёс суртахууны эрх бидэнд байхгүй. Хувь заяагаа өөрсдөө шийдэх тэдний чин хүсэлд бид хариу өгөхгүй байх аргагүй".  

Мөн тэрбээр  ОХУ-д  хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. Зөвхөн нөөцөд байгаа, тэр дундаа зэвсэгт хүчний тодорхой алба хааж байсан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, холбогдох туршлагатай иргэдийг дайчлах аж.  

Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгугийн тайлбарласнаар дайчлагдсан иргэдийг хамгийн түрүүнд Оросын армийн эзэлсэн  газар нутгийг хяналтандаа авах ажилд  илгээх аж. Түүний хэлснээр, байлдааны шугамын урт нь 1000 гаруй км бөгөөд эдгээр нутаг дэвсгэрийг "хамгаалах, хянах шаардлагатай" байна. Дайчилгааны хүрээнд Оросын 300 мянга орчим иргэнийг цэрэгт татахаар төлөвлөжээ.