Эрт урьдын биш энэ манай үед Монгол Улсын бүх хуулийн “эцэг” болсон Үндсэн хууль өвгөрч доройтон, “хүүхдүүд”-тэйгээ зөрчилддөг болж гэнэ. Шинэ цагийн Үндсэн хуулийн нас уг нь залуу, ирэх онд тэрбээр дөнгөж 20 хүрнэ. Гэвч үзэл бодол нь цаг үеэсээ хоцрогдож, хуучирсан юмсанжээ. Анх түүнийг 1992 онд АИХ-ын 400 гаруй төлөөлөгч хоёр сар гаруй хэлэлцэн байж өлгийдөж авсан түүхтэй. Шинэ, ардчилсан хэмээх тодотголтой, цаг үетэйгээ ч хөл нийлүүлсэн боломжийн хууль байжээ. Гэтэл эрүүл саруул байсан өнөөх хуульд 1999-2000 онд тухайн үеийн УИХ “мэс засал” хийж орхив. Аливаа эрх ашиг бүр шинэ, ардчилсан Үндсэн хууль дээр очоод гацчихдаг нь түүнд засвар хийх шалтгаан болсон байна. Эрүүл сэтгэж байсан Үндсэн хууль уймарч, түүнийг дагаад Монгол Улсад эрх мэдлийн хуваарилалт алдагдаж, тогтолцооны гажуудал нүүрлэв.
1992 онд хуулийг батлахад төсөөлж байгаагүй зарим өөрчлөлт ч улс оронд бий болж гэнэ. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг цуцалж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, засаг захиргааны нэгж, зохион байгуулалтыг цаг үед нийцүүлэх шаардлага тулгарсныг хаа сайгүй ярих болжээ. Үндсэн хуулийг анх баталсан цаг үеэс хөөж үзвэл 20 жилд нэг удаа “мэс засал”-д оруулан цаг үед нь нийцүүлж байсан аж. Шинэ, ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш өөрчлөлт хийх эрин үе нь болсон гэсэн үг. Хаа сайгүй гарах болсон шүүмжлэлийг энэ цагийн Парламентын дарга ашгүй нэг хүлээн авлаа. Үндсэн хууль эрх зүйн суурь баримт бичиг учир нам босго тавих учиргүй. Тиймээс УИХ-ын дарга захирамж гарган салбарын эрдэмтэд, хуульчид, гишүүдээс бүрдсэн томоохон Ажлын хэсэг байгуулан судалсны дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр баталсан. Ингэхдээ суурь үзэл баримтлалыг нь хөнд өхгүй, өөрчлөх асуудлыг нийт гишүүний дөрөвний гурвын саналаар, зүйл заалт бүрээр хураах босго тогтоов. Мөн нэгэнт өөрчилсөн бол дахин найман жилийн дотор “оролдохгүй” байх заалт оруулсан.
ДАЛАЙЛТ НЬ ЧАНГА, БУУЛТ НЬ ДАРЖИН
Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хуультай болж авсан учир Д.Энхбат тэргүү- тэй 20 орчим гишүүн анхны төслийг өргөн барив. Тэд дордохын долоон өөрчлөлтөөс будлиан үүсгэсэн Засгийн газрын гишүүн байх, Байнгын хорооны даргыг нууцаар сонгох гэх мэт зохицуулалтыг цуцлахыг илүүд үзжээ. “Нэгмөсөн өргөн хүрээтэй томоохон өөрчлөлт тусгасангүй” гэсэн шүүмжлэлд тэд “Гол будлиан үүсгэж буйгаас нь эхэлж цуцлая. Дараа нь шат дараатайгаар ярьж болно” гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ч бас Үндсэн хуулийн 57.1-ийн “нийслэлд” гэдэг үгийг “хотод” хэмээн өөрчилж, хотын статусыг сэргээх төсөл боловсруулав. Үндсэн хуулийн бүх алдааг засах өөдрөг бодолтой эхэлсэн сүржин “кампанит ажил” одоо сураг алга. Нэг жил өнгөрлөө. Далайлт нь сүржин, буулт нь даржин гээч болов. Үндсэн хуулийг цаасан дээр бол сүрхий өөрчилсөн бололтой.
Жилийн өмнө өргөн барьсан эдгээр төсөл одоо хаана явна вэ. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга захирамж гарган дээрх төслүүдийг нэгтгэх Ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Нэг жилд уг Ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үнэхээр байна уу, үгүй юү гэсэн эргэлзээгээ ямар ч байсан тайлжээ. Тэд УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ -тэй хамтран судалгаа хийсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-20-нд явуулсан судалгаанд цахим хаяг, и-мэйл, утас, захидлаар 21 аймгаас 38800 гаруй иргэн оролцов гэнэ. Тэдний 52.6 хувь нь “Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон” гэж үзэв. Ингээд л “яаж өөрчлөх вэ” гэсэн асуултад хариулт олохоор гаднын орны туршлагыг судалсан юм биз дээ. Эцэст нь зургаан зохицуулалт бүхий нэгтгэсэн төсөл боловсруулсан байна. Будлианы эх үндэс болсон Засгийн газрын гишүүн УИХ-ын ги шүүн байж болох тухай заалтад гуравны нэгээр босго тавив.
Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн үг. Мөн хүн ам өсөж буй учир УИХ дахь төлөөллийг хангахын тулд 76 гишүүний тоог 99 болгож нэмэх “ухаа лаг” санал ч гаргасан байх юм. Сонгуульд иргэ дийн оролцооны зарчмаас улбаалсан хоёрдмол ойлголтыг нэг мөр болгохын тулд “УИХ-ын сонгуулийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчмыг баримтлан явуулна” гэж байхаар тусгажээ. Талын нэг тарсан, эсвэл хэт ойрхон байрласан олон сумаа цэгцлэх замаар засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах асуудлыг олон нийт ярьдаг. Тэгвэл үүнтэй холбоотой зохицуулалтыг орон нутгийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоох нь.
Аймаг, нийслэл, дүүргийн төвшинд тухайн хуралтай зөвшилцөн Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга, сумын төвшинд нийт иргэнээс нь сонгож, аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч шийдвэр гаргадаг байх, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга баг, хорооны Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох гэх мэт зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Гэвч УИХ-д өргөн барих гэж яарсангүй. “Өөрчлөлт нь арай олдчихлоо, цөөлөх хэрэгтэй” гэх санаа үүний шалтгаан. Гэтэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 13 дугаарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл гээд дурайж байдаг. Өнөөх чуулганых нь 50 хувийн хугацаа хэдийнэ өнгөрчихсөн. Иймэрхүү байдлаар уужуу тайвуухан, “маш нухацтай” хандаад сууж байтал хэрэгжиж завдаагүй Журмын тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах болчихдог юм.
Тодорхой хэдэн заалтыг нь 2013 оноос хэрэгжүүлэхээр хойшлуулахыг Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар тэргүүтэн гаргасан байна. Үүнийг УИХ одоо хэлэлцэж буй. … …Ийнхүү 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг цуцалж, төрийн эрх мэдлийг байр байранд нь тавьж, тогтолцоог зөв замд оруулан ард түмэн бүгдээр амар сайхандаа жаргажээ… Үндсэн хуульд өөрлөлт оруулах ажлын явц нэг иймэрхүү, ядаж төслөө ч өргөн бариагүй, өргөн барьсан ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа учраас үлгэр шиг сайхнаар төгсгөх боломжгүй болчихлоо. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх ажил үлгэр биш бодит ажил болоосой хэ мээн өөдрөгөөр хүлээж сууя даа, хэдүүлээ.
С.ТУУЛ