Го.ЭНХТӨР
Сонгуулийн хуулийн анхны төслийг Монгол Улс нэг тойрог буюу пропорциональ зонхилсон хувилбараар боловсруулаад байсан юм. Жижиг намуудад, ялангуяа Н.Энхбаярт энэ төсөл ихээхэн найдвар төрүүлж байсан нь эргэлзээгүй. Түүнийг МАН-аас өрх тусгаарлахад нь анхны төсөл хамгийн том үүрэг “гүйцэтгэснийг” ч үгүйсгэх аргагүй. Тавьдаг шаардлага нь ч сонгуулийг 100 хувь пропорционалиар явуулж, намуудад тогтоох босгыг аль болох бага байлгах. Энэ шаардлага одоо ч хэвээрээ. Хэрвээ пропорциональд 100 хувь шилжсэн тохиолдолд МАН, АН-ын санал чамгүй хэмжээгээр хорогдож, эрх баригчдад аюул тарих байв. УИХ дахь намын бүлгүүд зөвшилцсөөр байгаад 48:28 хувилбар дээр буусан нь нэг талаараа жижгүүдээс болгоомжилсон, нөгөө утгаараа сонгуулийн шинэчлэлд тодорхой алхам хийлээ шүү гэдгээ нотлох гэсэн хэрэг болов.
Нэгэнт л мажоритар зонхилсон 48:28 хувилбараас МАН, АН буцахаас өнгөрсөн учраас одоо жижгүүдэд ганцхан найдвар үлдсэн. Тэр нь босгыг багаар тогтоолгох. Ажлын хэсгийнхэн таван хувь болгох талаар ярилцаж байгаа гэх ч зургаа дээр л тогтох болов уу. Улс төр нь төлөвшсөн орнуудын хувьд босгын дундаж 3-5 хувьтай байгаа юм.
Түүнийг тогтоохдоо тухайн орны улс төр, шашин хоорондын нөхцөл байдлыг нэн түрүүнд харгалздаг аж. Дэндүү бага тогтоох нь олон нам Парламентад орж, төрийн тогтворгүй байдал үүсгэх гэмтэй байдаг бол хэтэрхий өндөр тогтоох нь цөөнхийн төлөөллийг ашиг сонирхлоо хамгаалах хүчгүй болгож тэмцлийн хурц хэлбэр сонгохоос аргагүйд хүргэдэг үр дагавартай. Зарим орны улс төрийн тогтворгүй байдлын үндэс нь Парламентад сонгогдоход тогтоосон өндөр босго байдагтай судлаачид санал нэг байгаа юм. Ийм улсын жишээгээр Турк, Оросуудыг авч үздэг. Туркт Курдуудыг төрийн эрхээс шахахын тулд Парламентдаа сонгогдох босгыг 10 хувиар тогтоосон нь дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. ОХУ-д долоон хувь байсныг 5-6 хувь болгож бууруулсан нь улс төрийн тогтворгүй байдлыг намжаахад нааштай нөлөө үзүүлсэн гэдэг.
Монголын хувьд үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хүчээр авна энэ тэр гэж илэрхий ярих болсон үед таван хувийн босгыг тогтоогоод өгөхөд буруугүй санагдана. Судлаачид ч таван хувийн босгыг боломжийн гэж үзэж байгаа аж. Харин АН, МАН-ын бүлэг хэд дээр тогтохыг одоогоор таашгүй. Бидэнд олдсон мэдээллээр зургаан хувиас доош босго тогтоохыг нэг их хүсэхгүй байгаа бололтой юм билээ. Жижиг намууд босгыг таваас дээш байлгахыг хүсэхгүй. Хэрвээ зургаа, долоогоос буулгахгүй гэвэл ИЗН, МАХН, МҮАН ба бусад жижгүүд гудамжны улс төрийн үйл ажиллагаанд шилжихийг үгүйсгэхгүй. Хонгилын үзүүрт асаж байгаа гэрлийг нь бөхөөчихөөр тэгэхээс ч аргагүй байх. Гэхдээ таван хувиас доош буулгаж хэрхэвч болохгүй. Хэтэрхий бага тогтоохоор олон нам УИХ-д орж ирээд Парламентын засаглалын нэр хүндийг гутаах, улмаар сарниулах үйл ажиллагаанд шилжинэ гэдгийг дахин сануулахад буруудахгүй болов уу. Таван хувь дээр тогтсон тохиолдолд 3-4 нам, эвсэл босгыг давах магадлалтай.
Гуравдагчдаас ямар нам орж ирэх боломжтой вэ
2008 оны УИХ-ын сонгуульд нэг сая 160 мянга 326 саналын хүчинтэй хуудас бүртгэгдсэн. Ирэх сонгуулийг 48:28 хувилбараар явуулахад хүчинтэй саналын нийт хуудсыг пропорционалиар сонгох 28 суудалд хувааж, нэг суудалд ногдох саналыг тоог тогтооно. Илүү ойлгомжтой байлгах үүднээс 2008 оны хүчинтэй саналын хуудсаар тооцоё. УИХ-д сонгогдох босгыг таван хувь байна гэж үзэхэд 1.160.326 хуудасны таван хувь нь 58016 ширхэг санал болно. Үүний дараа нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хуудсыг тоолно. Нийт сонгогчдийн таваас дээш хувийн санал авсан нам, эвсэл тус бүрийн авсан саналын тоог нэг суудалд ногдох саналын тоонд хувааж, тухайн нам, эвсэлд ногдох суудлын тоог тогтоох юм. Өөрөөр хэлбэл 58016-аас доошгүй санал авбал УИХ-д нэг суудалтай болно гэсэн үг. Эндээс харвал гуравдагч гэгдэж байгаа намуудад хэрд нь таарсан боломж харагдаад байгаа юм.
2008 оны сонгуульд ИЗН дангаараа 130-аад мянга, НН 75 мянга шахам сонгогчийн санал авчээ. УИХ-ын дараагийн сонгуульд ИЗН энэ хэмжээний дэмжлэгээ алдахгүй гэж тооцвол наад зах нь дангаараа хоёр суудалтай байх нь. С.Дэмбэрэл, Д.Энхбатын нар тус бүртээ 60-аад мянган хүний санал авахад 2012-2016 оны УИХ-д ИЗН дөрвөн суудал авах магадлалтай. Хэд хэдэн сонгуулийн үеийн судалгааны баримтаас харахад С.Оюун, Б.Жаргалсайхан нарын хувь улстөрчийн рейтинг 11-24 орчим хувьтай байдаг. МАН-ын судалгааны төвөөс алдагдсан гээд байгаа дүнгээс үзвэл МАН, АН-аас бусад намын онооны нийлбэр 10.9, МАХН дангаараа зургаан хувийн рейтингтэй байна билээ. Одоогийн эрх баригчдын эсрэг гуравдагч хүчин хийгээд иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл байгууллаа гэж тооцоход сонгогчдын 15-20 хувийн саналыг авах магадлал бий. Тухайн үед аль намд санал өгөх эсэхээ шийднэ гэсэн сонгогчдын 34 орчим хувийн “нөөц”санал байгааг тооцоход гуравдагч хүчний эвсэл УИХ-д хүчтэй бүлэг байгуулах боломж харагдаж байна.
Иймээс таван хувийн босго тогтооход хоёр том нам, мөн тооны жижиг нам, эвслийн бүтэц УИХ-д тогтох боломжтой. Энэ тогтолцоо гудамж, Парламентын гэсэн сөргөлдөөний улс төрөөс зөвшилцлийн улс төрд шилжих үндэс болж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.