Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Энэтхэг Улсын Төрийн албаны нэгдсэн комиссын урилгаар өнгөрсөн долоо хоногт тус байгууллагад айлчлал хийгээд иржээ. Түүнтэй уулзаж, товчхон ярилцлаа.
-Айлчлалынхаа талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
-Энэтхэг улсын Төрийн албаны нэгдсэн комисс гэдэг манай Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэгтэй ижил үүрэг гүйцэтгэдэг байгууллагын урилгаар тус байгууллагад айлчлаад ирлээ. Энэ байгууллага 1924 онд байгуулагдсан юм байна. Тухайн үед бас л манайтай адил төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах, төрийн албаны томилгоог нээлттэй өрөлдөөний замаар шударга явуулах шаардлага тулгарч ийм хараат бус байгууллага байгуулсан гэнэ. Тусгаар тогтнолоо тунхаглахаас өмнө байгуулагдсан, Английн тогтолцоог энэтхэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээ нэлээд бахархаж танилцуулж байна билээ. Тэдний танилцуулга, бидэнд өгсөн материалуудаас нь үзэхэд эхний жилүүдэд төрийн албан дахь улс төрийн нөлөөлөлтэй тэмцэх, томилгооны тогтолцоо, сонгон шалгаруулалтын арга зүй бий болгоход ихээхэн хүндрэл бэрхшээл туулсан бололтой. Тэр нь одоогийн бидний нөхцөл байдалтай төстэй юм. Төрийн албаны дотоод хэрэгт оролцохгүй байх нь улс төрийн намуудад соёл болж хэвших хүртэл амаргүй байдаг бололтой. 90 орчим жил оршин тогтнохдоо улсдаа төрийн албаны мэргэшсэн тогтолцоо бүрдүүлэх талаар том үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох эхлэл тавьсандаа олзуурхаж байгаа.
-Энэтхэгийн энэ байгууллагыг өөрийнхөө байгууллагатай харьцуулахад хэр ялгаатай байна вэ?
-Гүйцэтгэдэг чиг үүргийн хувьд төстэй. Энэ байгууллага төвдөө 800 хүнтэй, 28 муж улс бүртээ төрийн албаны төв байгууллагатай их том газар юм. Хүн ам олонтой нь нөлөөлдөг л байх. Үндсэн хуульдаа эрх үүрэг нь тусгагдсан, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн байгууллага юм байна. Хараат бус байдлыг нь хангах үүднээс нэгдсэн төсвөөс бус, өөр тусгай эх үүсвэрээс санхүүжүүлдэг нь их онцлогтой санагдсан. Манай зөвлөл орон тооны гурав, орон тооны бус дөрвөн гишүүнтэй байдаг бол тэднийд орон тооны 10 гишүүнтэй, тэд нь чиглэл болгоноо хариуцаад явдаг юм билээ. Бие биедээ сүрхий харьяалал байхгүй боловч төрийн албанд орохын өмнөх бэлтгэл сургалт, төрийн албанд орсны дараах сургалт гэх мэт сургалтын тогтолцоонууд нь хоорондоо их сайн уялдсан байгааг цаашид судалж хэрэгжүүлбэл хэрэгтэй гэж бодогдсон.
Манайд төрийн албан хаагчдад боловсрол олгох биш, ажилд нь дадлагажуулж мэргэшүүлэх тийм сургалтын сайн тогтолцоо үгүйлэгдэж байгаа юм. Энд тэндхийн туршлагатай танилцаж байхад манайд төрийн албанд түр томилдог байснаасаа татгалзаж, бүх хүн сонгон шалгаруулалтаар томилогддог тогтолцоонд шилжсэн нь маш зөв болсон байна. Өөрсдийнх өө 10 гаран жилд хийсэн зүйлийг тэднийхтэй харьцуулахад бас ч чамлахааргүй. Үүнийгээ улам чанаржуулаад, тууштай явбал Энэтхэг зэрэг туршлагатай орны түвшинд удахгүй хүрэхээр юм байна гэж бодогдсон. Тууштай гэдэг нь зам зуурт нь хууль өөрчлөх гэх мэтээр зөв хандлагаасаа ухралт хийж болохгүй, одоогийн урагш алхсан зохицуулалтаа улам чанаржуулах хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг.
-Цаашид Энэтхэгийн Төрийн албаны нэгдсэн комисстой хамтын ажиллагаагаа ямар чиглэлээр үргэлжлүүлэх вэ?
-Энэ удаа хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг манай талаас санал болгосон. Энэтхэгийн тал судлаад, Монголд хийх хариу айлчлалынхаа үеэр нарийвчилж шийдвэрлэхээр тогтсон. Харилцан мэдээлэл туршлага солилцох, төрийн албан хаагчдыг мэргэшүүлж сургах, ийм тогтолцоог манайд бий болгох, сонгон шалгаруулах арга зүйг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд хамтын ажиллагааны чиглэлд багтсан. Ямар ч байсан Азийн бүс нутагт төрийн албаны туршлагатай түнштэй байна гэдэг төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр хийх ажилд маань шинэ боломж нээгдэж байгаа хэрэг.
-Энэтхэгийн төрийн албыг авлига ихтэй гэсэн зарим мэдээлэл байдаг. Энэ талаар анзаарагдсан уу?
-Богино хугацаанд анзаарч чадахгүй л дээ. Гэхдээ тэдний төрийн албыг хэд хэдэн шат дамжлагатай, бас авлигын асуудалтай гэдэг шүүмжлэл нэлээд байдаг бололтой. Төрийн албаны нэгдсэн комисс нь сонгон шалгаруулалтыг нээлттэй өрс өлд өөний зарчмаар шударга явуулах, томилгоо ямар нэгэн гаднын нөлөөгүйгээр хийгдэх нөхц өлийг бүрдүүлэхэд гол ажлаа чиглүүлдэг юм билээ. Энэ ажлаа бол сайн хийж чадаж байгаа гэж үнэлэгддэг гэж байна. Харин томилогдсон хүнийг ямар бүтцэд оруулж, хэрхэн үнэнч шударга, үр бүтээлтэй ажиллуулах вэ гэдэг нь захиргааны удирдлага зохион байгуулалтаас шалтгаалах зүйл юм. Тэгэхээр энэ тал дээр Засгийн газар илүү анхаарах ёстой гэсэн үг. Манайд ч мөн адил л даа.
Б. Тэгш