Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 29 сумд аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв. Аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн нас баржээ. Харин онцгой байдлын байгууллагын алба хаагчид найман иргэний амийг аварсан байна. Нийт дуудлагын 56 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол бол ес нь үер байжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28, 29-нд ихэнх нутгаар хүйтэрч, аадар, нойтон цас орсны улмаас айл өрх усанд автсан юм. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд өнгөрсөн бямба гарагт орсон усархаг борооны улмаас I, II, V, VII багийн гэр, байшин, орон сууцын зоорь усанд автжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газарт нэг хоногт бороо, цастай холбоотой зургаан дуудлага ирсэн байна. Алба хаагчид нийт есөн цаг гаруй ажиллаж, 1800 тн усыг соруулжээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумд айлын гэр, байшин, хашаа, аж ахуй нэгж, байгууллага усанд автсан тухай 20 дуудлага ирсэн гэнэ. Үүний дагуу 17 айлын хашаа, гурван аж ахуйн нэгж, байгууллага усанд автсаныг аюулгүй болгосон байна. Мөн тус аймгийн Даланзадгад сумд хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас айл өрх, албан байгууллага усанд автжээ. Түүнчлэн Ханбогд сумын Ундайн гол үерлэж, иргэд усанд боогдсон дуудлага тасрахгүй байгаа аж. Автомашин зорчих боломжгүй байгаа тул өөр зам сонгохыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.