Тоогүй олны дотор суухуй цагтаа
Тодорсон аливаа үзэгдлийг шулуунаар үз
Агшны төдий нозоорлыг “Пад!” хэмээн сэрээ
Алгасрал хэрвээ ирвээс үндсээр нь түүнийг тасла!
Зөрүүд нисваанисын үүлс олонтаа дэгдвээс
Зөнгөөр нь түүнийг бэлгэ чанарын дунд орхи!
Санаа сэтгэл винайд автахуйн цагт
Сацлал үгүй чанар утгыг үзэгтүн! (Гэтэлгэгч Миларавайгийн гүр дууллын хэсгээс)
Салхины сэрчигнээн, жирэлзэн урсах горхины хоржигноон, ойн шуугиан, хадны цуурай. Үл үзэгдэх хөгжмийн долгион, хэлбэлзлүүд биднийг эргэн тойрон хүрээлж, байгальтай холбодог мэт. “Байгаль бол хөгжим. Хүн ч мөн нэг төрлийн хөгжим. Нийгэм бол өвөрмөц хөгжим. Хөгжим хөгтэй байдаг шиг хүн бүр өөрийн хөгтэй” хэмээн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд хэлсэн нь хамгийн оновчтой зүйрлэл шиг санагддаг юм. Хөгжмийн эгшиг, зөөлөн аялгуугаар сэтгэлийн өвчнийг анагаагч бөө нар болох андайчингууд XIII зууны үед амьдарч байсан тухай бид өмнө нь хүргэсэн билээ. Хөгжмийн увдисыг буддын шашны лам нар ч ашигладгийг Гандан хийдийн уншлага бэлхэнээ гэрчилнэ.
Буддын шашны хөгжмийн зэмсэг, уншлага ном Төвд, Энэтхэгээс гаралтайг хүмүүс андахгүй ч, монгол хүний зохиосон бясалгалын гүр дуу, үүнд зориулсан тусгай эгшиг тэмдэглэгээ байсныг тэр бүр сонсоогүй болов уу. Гэсэн ч цөвүүн цагийн балгаар гүр дууг эзэмшсэн хүн ердөө гуравхан үлдэж, 70-80 орчим дуу өнөөг хүртэл уламжилжээ. Энэ чиглэлээр Монголд тун цөөн хүн судалгаа хийж буй. Индианагийн их сургуулийн зочин судлаач, доктор Л.Эрдэнэчимэг гүр дууг 20 гаруй жил судалж олон бүтээл туурвисан. Түүнчлэн залуу судлаач, МУИС-ийн докторант Н.Нарангэрэл гүр дуу болон гүр дууг анх зохиосон Чин сүзэгт номун хан Лувсанноровшэйравын тухай номыг өнгөрсөн жил эмхтгэн хэвлүүлсэн юм. Н.Нарангэрэлтэй хамтран энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
ГҮР ДУУНЫ ҮҮТГЭЛ
Зөвхөн төвд хэлээр маань, тарни уншиж, аялгуулан дуулдаг байсан үед бясалгалын мон гол дуу зохиож, шинэчлэлт хийсэн хүн нь Чин сүзэгт номун хан хутагт Лувсанноровшэйрав юм. Энэтхэгт Бар дужин, Цэвээнбазар, Ший рав пэрэнлэй, БүрэнОлзод, Гурувоба, Төвд оронд Лхаваан дорж, Сономдагва, Сономдорж, Лодойдэмид, Банширав, Рэнцэнбал, Ганжууржав хэмээх түүний 12 дүр тодорчээ. 13 дахь дүр болох Чин сүзэгт номун хан хутагт Лувсанноровшэйрав нь 1701 оны дөрөвдүгээр сард одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Халхын засаг Шарын гурав дахь хүү болон төржээ. Тэрбээр Монголын шашны соёл, уламжлалд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй дуун ухааны гол төлөөлөгч, яруу найрагч байв. Бага наснаасаа лам болж, номонд нэвтэрсэн түүнийг Өндөр гэгээн Занабазар “Эрдэнэ ноён цорж” хэргэмээр шагнаж, хувилгааны зэрэгт оруулсан аж.
Түүнээс хойш Лувсанноровшэйрав олны дунд хүндтэй болж, алдаршсан бөгөөд Ордосын хошуудын засаг, ардын урьснаар тийш одов. Тэрбээр Ордос их зуугийн Хангин бэйсийн хошууны нутагт “Шар зуу” сүмийг 1732 онд байгуулсан түүхтэй. Үүнээс 13 жилийн дараа Лувсанноровшэйрав Ордосыг орхиж, нутагтаа ирэн, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Ханхарын өвөр Цагаан цэцэрлэг хэмээх газар сүм дуган, суварга бүтээснээр Номун ханы хийдийн суурийг тавьжээ. Түүнийг дагах лам, хэрмэл шавийн тоо нэмэгдсээр хэдхэн жилийн дараа хийдийг тойрон 200 гаруй өрхтэй болсон гэдэг. Тиймээс 1751 онд хязгаар дахиныг тогтоогч Зүүн этгээдийн туслагч жанжин Цэрэн, Лувсанноровшэйравт шавь нарыг захирах тусгай тамга олгож, манж, монгол, төвд гурван үсгээр “Халхын Эрдэнэ ноён цоржийн шавь нар бүгдийг захирах тамга” хэмээсэн тамга шийтгэн олгосон түүхтэй.
Манжийн хаан Эрдэнэ ноён цоржид 1755 онд “Чин сүзэгт номун хан” цол шагнаж, манж, монгол, нанхиад, төвд бичгээр сийлсэн мөнгөн тамга олгож, хутагтын зэрэгт оруулжээ. Чин сүзэгт номун хан хутагтын хүрээ нь нэг жилд 130 тогтмол хурал хурдаг байв. Хүрээний ойролцоо уул ус, овоог тахих зан үйл ч өвөрмөц онцлогтой байсан. Тус хүрээнд Монголын аль ч хийдэд дуулж байгаагүй гүр дууг анх зохиож, өв уламжилсан нь XVII зууны эхэн үеэс XIX зууны сүүл хүртэл эрчимтэй хөгжиж байлаа. Номун хан төвд хэлээр долоон боть бүтээл, гүр дууны дөрвөн боть зохиол туурвисан нь өдгөө Үндэсний номын санд хадгалагдаж буй. Түүнийг багад нь эцэг эх нь эрдэм ном сургахаар Өндөр гэгээн Занабазарт бараа болгон өргөсөн гэх домог бий. Өндөр гэгээн хүүг өөрийн нагац Эрхэм тойнд хариуцуулан тэтгэж, ном эрдэмд сургасан ч гэдэг. Хожим Номун хутагт Өндөр гэгээнд зориулж:
Гучин гурван тэнгэрийн дотор хурмаст илхэн
Олон хүний дотор та минь хэтэрхий билээ л
Одны дотор дэлгэрсэн сар маш илхэн билээ л
Халх долоон хошуунд их төрийн туг минь билээ л
Яралзсан зангаараа мишээж эрвэлзэн хараад
Цэцэн сайхан зарлигаараа ханатал сургадаг билээ л
Олон хүн нөхцөхүйдээ буурдаг байтал Буян төгс та минь харин үзэсгэлэн болов...
хэмээн “Тэнгэрийн дурдатгал” дуундаа шүлэглэсэн буй.
ХООСНЫГ ОНОН БАРИХУЙ
Хүний сэтгэлийг хөдөлгөгч хүч нь дуу хөгжимд нуугдаж байдаг. Эгшгээр дамжуулан уйтгар гуниг, баяр жаргалын алиныг нь ч авчрах боломжтой хэмээн Чин сүзэгт номун хан үздэг байв. Гүр дуу нь Монголын өв соёл мөн ч буддын шашны агуулга, үзэл санааг нэвт шингээснээрээ онцлог. Энэ тухай хөгжим судлаач, доктор Л.Эрдэнэчимэг “Гүр дууны урлалыг сэтгэл ухаанаар танин мэдэж болох ч хөг эгшгийн аялгууны эх сурвалж нь бодит биетэй, тасархай, нийлмэл, хязгааргүй, цэг, шугам, нарийн хэмжээст квант, энерги, эгэл бөөмсийн хөдөлгөөн, авиа чимээ, анир нь бодит байх албагүй. Хийсвэр мөртлөө хийсвэр дотор бодитой байж болно.
Өөрөөр хэлбэл дуунаас мэдэрч буй тэр зүйл материаллаг тал мөн хэдий ч үүнд хийсвэр шинжийг давхар агуулах тухай Лувсанноровшэйрав бичиж үлдээсэн нь бий. Иймээс буддын дуун урлахуйн ухаанд дуун эгшиглэн бол хүний сэтгэлийн хүчээс шалтгаалан хүний дотоодоос түрэгдэн гарах амьд эрчмээс үүснэ гэж сургадаг. Хөгжмийн мэргэд хүний сэтгэлийг эзэмдэж байж сэтгэлээр дамжуулан ухааныг судлахын чухлыг заадаг байсан. Юмс үзэгдэл бүхэн гурамсан шүтэлцээнд оршино. Өөрөөр хэлбэл, учир на, хагацна, нэгдэнэ, хөг жинө, мөхнө, төрнө, төл - жинө, хөдөлнө, үргэл жилнэ.
Юмс бүхэн өөрийн шалтгаан хуультай тул жирийн нэг хөдөлгөөн ч шалтгаантай. Шалтгаан нь үйлийн үрийн холбогдлоор илэрнэ. Тэгвэл үйлийн үрийн холбоо нь хоосон чанараар илэрч болно. Иймд хоосон чанар бол ил, далд зүйлсийн шүтэлцлээс, нийлбэрээс ангид, орчлон ертөнцийн юмс үзэгдлийн дотоод гүн чанар, хүний гурав дахь чих, гурав дахь нүдний хуран нэгдэх долоо дахь мэдрэхүй, найм дахь ухамсар мөн. Танин мэдэхүйн ертөнц дэх хүний аливаа үйл ажиллагаа нь эцсийн дүндээ оюун ухаан, ухамсар сэтгэлээс хамаардаг гэсэн нь Чин сүзэгтийн хөгжмийн гүн ухааны үзлээс урган гарч буй. Өөрөөр хэлбэл, гүр дуу нь тухайн сэтгэгч, дуучны гүн ухаарлын үндэс аялгуугүй аялгуу, гүн бодрол дахь нууцын заллага хэмнэлгүй хэмнэл, гүн эгшиглэнгийн увдис үр дүн юм” хэмээн дүгнэсэн.
ДУУН УТГЫН ТҮЛХҮҮР
Чин сүзэгт номун хутагт ноотыг орлох эгшиг тэмдэглэгээ зохиосон нь Монголын төдийгүй дэлхийн соёлын өвд тооцогддог. Тэрхүү монгол нотыг дан-ег, ян-ег, рол-ег хэмээн гурав ангилж, ятгын арван чавхдсан дээр оноон тоглодог байсан аж. Дан-ег нь хоолойгоор унших ноот, рол-ег хөгжмийн зэмсэгт зориулсан хэлбэр, янег нь ая дант буюу шүлгийн хажуугаар давхар аялах ноот юм. Номун хан ятгыг гүр дууны ая данд тааруулан арван утсанд нь нэр оноосон нь бий. Тэрбээр чавхдасыг доод өнгөнөөс эхлэн, туйл бүдүүн, бүдүүн, тааруу бүдүүн, тааруу нийлэх ухаа, зээ нь тааруу ухаа, зээ нийлэх шингэн, дээд шингэн, тааруу шуранхай, нарийн шуранхай, эцэс шуранхай хэмээн тэмдэглэжээ.
Гүр дууг дуулах тусгай зан үйл бий. Гүрийн 36 дууг жас даллагын найрт, 64 дууг хошуу шавийн дунд найр, уул усны тахилгад, 84 дууг их найр, наадмын үеэр дуулдаг ёстой. Түүнчлэн ямар үйлд зориулан дуулж байгаа эсэхээс хамааран өмсөх дээлний өнгө ч өөрчлөгддөг байж. Газар лусыг номхтгоход цоохор, овоо тахих, лус савдаг баясгахад бэлгэдлийн өнгөтэй дээл өмсөх төдийгүй дуулах цаг, дуулдаггүй өдөр байсан тухай Баянхонгор аймгийн өндөр настан О.Гэндэн хуучилжээ. Гүр дууны дүр нь ихэнхдээ бурхад байдаг. Гүр дуугаар дамжуулж тухайн бурхны ид шидийн хүчийг мэдрүүлэх, дүрслэлтэй нь яв цав нийцүүлдэг нь үгийн хүч, авианы увдистай холбогддог аж. Тухайлбал, “Лхамын залбирал” дуунд:
Аяа чиний өмнө
Цусан дусал үзүүлсээр
Их далайн төвд
Хул халзан луусаар
Цахилгаан мэт гялбалзан
Гурван мянган ертөнцийг
Нэгэн агшинд эргэмүй... хэмээн дүрсэлдэг.
“Гүр дуу нь үгийн урлаг болохын хувьд уран дүр, дүрслэл бүтээдэг. Хэл найруулга болон дүрслэлийн арга, хэрэглүүрийн нөөц, боломжийг өргөн ашигласан. Үүнээс гадна гүр дуу нь өөрийн гэсэн өвөрмөц хэл найруулгатай. Иймээс гүр дуу нь шашин, угсаатан судлал, аман зохиол, хөгжим судлал, антропологийн уулзварт огтлолцож буй соёлын биет бус үнэт өв” хэмээн Н.Нарангэрэл ярьсан юм.
Б.ЭГШИГЛЭН