Мэндлэх, талархах, уучлалт гуйх зэрэг бол харилцаанд заавал байх ёстой зүйлс. Энэ нь насны зөрүү, албан тушаал зэргээс үл хамааралтайгаар нэг нэгнээ хүндлэх ухаан гэхэд болно.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) эрүүл мэндийн байгууллагууд дундаа ачааллаараа дээгүүрт жагсдаг. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ч үйлчлүүлэгч олонтой байв. Бүртгэлийн хэсгээр үйлчлүүлэхийн тулд эхлээд цахим машинаас дугаар авах хэрэгтэй. Гэтэл тэнд заавал дараалалд зогсохгүй бол хэцүү. Зарим хүн дугаар аваагүй хэрнээ “Хөөе, холдож бай. Ганцхан юм асуугаад л явлаа. Юун сүртэй юм бэ” гэх зэргээр уурлацгаах. Уг нь хүн бүр л хурдан үйлчлүүлэхийг хүсэж байгаа.
Ахимаг насны эмэгтэй бүртгэлийн ажилтанд хэд хэдэн баримт бичиг харуулаад “Би одоо хаана очих вэ. Төлбөр төлөх гэсэн юм” гэв. Бүртгэлийн ажилтан “Та касс руу очоод төлбөрөө төлнө үү” гэхэд “Касс нь хаана байна. Би дахиад тийшээ явах юм уу. Чамд мөнгөө өгөөд, төлбөрөө төлүүлж болохгүй юу” гэсэн. Тэрбээр үйлчилгээний ажилтныг олигтойхон зааж зөвлөсөнгүй гэж уурлаад төлбөрөө төлөхөөр явав бололтой. Бүртгэлийн ажилтан “Ийм хүмүүс өдөрт хэд ирдэг гэж бодно. Энэ ч яах вэ. Зарим нь бүр харааж, зүхнэ. “Тусалсанд баярлалаа” гэж хэлэхгүй атлаа уурладаг” хэмээн хажуудаа суух ажилтантай ярилцана. Түүний сэтгэл санаа тогтворгүй байгаа харагдавч дараагийн үйлчлүүлэгчтэй тунчиг эвтэйхнээр ярилцаж, хэрэгцээтэй мэдээллийг нь өгөв.
Тус эмнэлгийн хоёрдугаар давхарт Бөөр судлалын тасаг бий. Үүдэнд нь 5-6 хүн хаалгыг нь дараад зогсчихжээ. Уг нь бүгд л үзлэгийн цаг аваад хүлээж буй гэх. Эмчийн өрөөгөөр байн байн шагайж, үйлчлүүлэхээр захиалсан цагаараа бус, бусдаас өрсөж өрөө рүү орох бяцхан өрсөлдөөн тэнд өрнөнө. Харин эмч нар “Үзлэгийн цагийнхаа дагуу үйлчлүүл” хэмээв. Гэтэл ахимаг насны эрэгтэй “Та нар бас хөгширнө. Юун сүртэй юм. Хурдхан үзүүлчихнэ” гэж ойр хавийн хүмүүсээ загнасаар эмчтэй уулзахаар орлоо. Үлдсэн хүмүүс нь “Ямар соёлгүй юм бэ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Нэгэн эмэгтэй 11.00 цаг болох гэж байхад “Би 09.00 цагт эмчид үзүүлэхээр цаг авчихсан байсан юм. Тиймээс үзүүлнэ. Бусад шинжилгээгээ өгсөөр байгаад оройтчихлоо. Өнөөдөр үйлчлүүлж чадахгүй бол торгууль төлдөг гэнэ билээ” хэмээн дайрах. Хүмүүс түүнд шаардлага тавьсан ч хүлээж авсангүй. Эмч нар хэлэхэд ч тоосонгүй.
Хувцасны өлгүүрийн хэсэгт ч маргаан тасарсангүй. Хувцсаа авахаар дугаарлаж зогсоо хүмүүсийн хажуугаар гэнэт “дайрах” нэгэн ч тэнд бий. Ингэхдээ үйлчилгээний ажилтныг зандарч “Хурдхан шиг миний хувцсыг өг. Тэнд ойрхон харагдаж байна шүү дээ, түргэл” гэх. Зарим нь хувцсаа авсан атлаа утсаар яриад зайгаа тавьж өгөх шинжгүй.
Монголчууд эртнээс ахмад настай хүнийг хүндлэх, буурлууд нь залуу үеийнхэндээ үлгэр дуурайл болох ёстой талаар сургасаар ирсэн. Гэтэл өдгөө энэхүү сургаал нь алсарч, бараг устаж байна уу гэж ганцхан эмнэлэгт өрнөсөн дээрх үйл явдлуудаас дүгнэж болохоор аж. Харилцаанаас харилцаа үүсдэг хэмээдэг шүү дээ. Тиймээс бүгдээрээ нэг нэгэндээ соёлтой, хүндэтгэлтэй хандаж байвал яасан юм бэ.
А.Тэмүүлэн