Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зэргийг зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч Засгийн газар өнгөрсөн сарын 29-ний хуралдаанаараа дээрх тогтоолыг хүчингүй болгож, хаврын уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулж болно хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн төдийгүй хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулаад буй юм. Түүнчлэн НҮБ-аас Засгийн газарт хандаж мэдэгдэл гаргаад байгаа. Дээр дурдсан асуудлуудтай холбоотойгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамирын байр суурийг хүргэе.
-Засгийн газраас хаврын уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь олны эсэргүүцэлтэй тулгараад байна шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах үүрэгтэй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийнхан эл асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудыг хэрэгжүүлж ажилладаг. Бид хүн амын гуравны нэгийг эзэлж буй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэхэд анхаарал хандуулдаг. Хурдан морины уралдааныг өвөл, хаврын улиралд зохион байгуулах талаарх жагсаал, цуглаан саяхан болсон. Жагсагчид өвөл, хаврын уралдааныг сэргээх талаар санал гаргасан. Ингээд Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулах хугацааг гуравдугаар сарын 1 болгож шийдвэрлэлээ. Мөн хурдан морины уралдаан зохион байгуулах, эсэхийг орон нутгийн удирдлага шийдэхээр зохицуулсан байна. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр. Тиймээс хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын мэргэжилтнүүд шийдвэрийг нь дэмжихгүй. Уг нь бид Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй алба хаагчид. Гэсэн ч хүүхдийн эрхийг хамгаална хэмээн төрд тангараг өргөсөн учраас хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй.
-Эл шийдвэр нь хүүхдийн эрхийг хангах талаарх олон улсын гэрээ, конвенц болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг ч зөрчсөн гэж судлаачид дүгнэж буй. Та эрх зүйч мэргэжилтэй юм билээ. Эл асуудлыг эрх зүйн охицуулалтынх нь үүднээс тайлбарлаж өгнө үү.
-Манай улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглохтой холбоотой олон улсын конвенцуудад нэгдэж, хэрэгжүүлэх үүргийг дэлхий дахины өмнө хүлээсэн. Тиймээс дотоодын хууль, журмаа олон улсын гэрээ, конвенцтой холбоход анхаарлаа хандуулж байна. Жишээлбэл, Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байдаг. Мөн Эрүүгийн хуульд ч насанд хүрээгүй иргэний албадан, хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн зохицуулах талаар тусгасан. Тэгэхээр буруутай этгээд Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх юм. Засгийн газраас гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллыг дэмжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Гэвч Засгийн газар шийдвэрээрээ энэ бүхнийг няцаалаа. Хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулж болно гэхээр уяачид түүнээс өмнө морьдынхоо уяа сойлгыг тааруулж, үсэргээ, сунгаа зэргээр бэлтгэж эхэлнэ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулна” гэж заасан. Гэтэл цаг уурын нөхцөл байдлаас хамаарч хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй шүү дээ. Уг нь дээрх хуульд уралдаанч хүүхэд, уяач нарын эрх, үүргийг заасан шинэлэг зохицуулалт оруулсан. Тиймээс Засгийн газар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж манай салбарынхан Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд саналаа хүргүүлж байна. Үндэсний зөвлөлд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Хууль зүй, дотоод хэргийн, Боловсролын, Эрүүл мэндийн сайд нар ажилладаг. Мөн олон улсын дэмжигч гурван байгууллага, хүүхдийн эрхийн төлөөх ТББ-ынхан гээд 20 гаруй гишүүнтэй. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хариуцдаг.
-Хурдан морины уралдааны улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдийн талаарх судалгаа бий юү?
-Унаач хүүхдийн статистикийн цахим санг 2017 оноос ажиллуулж эхэлсэн. Цахим мэдээллийн санд одоогоор 11 723 хүүхэд бүртгэлтэй. Статистикаас үзэхэд уралдаанч хүүхдийн тоо жил ирэх тусам өсөж байна. 2022 онд 397 уралдаан болсноос 85 хүүхэд мориноос унаж гэмтэн, зургаа нь амиа алдсан. 2023 онд 353 уралдаан болсноос 464 хүүхэд мориноос унаж, 149 нь гэмтэж, дөрөв нь амиа алджээ. Өнгөрсөн жил 388 уралдаан болж, 212 хүүхэд гэмтэж, дөрөв нь эндсэн. 1996 оноос өдий хүртэлх бүртгэлд дурдсанаар мориноос унасны улмаас 52 хүүхэд амиа алджээ. 2017-2024 онд л гэхэд ийм тохиолдол 24 бүртгэгдсэн. ГССҮТ-д 2017-2024 онд морины унаж бэртсэний улмаас нийт 1115 хүүхэд ханджээ. Тэднээс 16 нь эндсэн гэж мэдээлсэн. Түүнчлэн хүүхдүүдийн 47 хувь буюу 524 нь толгойдоо гэмтэл авчээ. Мөн мөр болон бугалгын гэмтэл дийлэнх хувийг эзэлдэг юм байна. Өвөл, хаврын улиралд буюу халтиргаа, гулгаа ихтэй, 20-30 хэмийн хүйтэнд хүүхдийг морь унуулах нь аюултай болохыг холбогдох байгууллагууд судалгаандаа үндэслэн баталсан шүү дээ.
-Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад хурдан морь унуулахтай холбоотой заалт бий байх аа?
-Энэхүү жагсаалтад жил бүрийн 11-5 дугаар сар хүртэл хурдан морины уралдаанд хүүхэд оролцуулах, үсэргээ, сунгаа хийлгэхийг хориглохоор заасан байдаг. Хурдан морь унуулснаар хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эсэн мэнд амьдрах эрхийг зөрчиж байгааг олон нийт, шийдвэр гаргагчид ойлгох ёстой. Хүүхдүүд бие даан амьдрах, өөрийгөө илэрхийлэх чадваргүй учраас хэн нэгний тусламж хэрэгтэй. Гэтэл нийт 609 хүүхэд уяачдын гэрт амьдардаг гэсэн дүн 2017-2024 онд хийсэн судалгаагаар гарсан. Үүний цаана хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүй. Асран хамгаалагч, аав, ээж нь хүүхдээ хурдан мориных нь уяачийнд амьдруулаад эцэг, эх байх үүргээ биелүүлдэггүй зэргийг олон улсын зөвлөмжийн дагуу хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэж болно.
Хүүхэд унаж бэртсэн, эндсэн хэргийн мөрөөр Эрүүгийн хуулийн дагуу холбогдох байгууллагууд ажилладаг. Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж, хохирлыг хэрхэн барагдуулсан талаарх мэдээллийг ч бид нэгтгэж судалсан. Жишээлбэл, 12 настай хүүхэд морь хөлсөлж байхдаа унаснаас толгой нь хүнд гэмтсэн юм. Цагдаагийн байгууллагынхан үүнийг шалгаад гэмт хэргийн шинжгүй, хариуцах субъектгүй гэж дүгнэсэн. Харин ХЭҮК-оос шинжээч томилж, уяачаар хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдол бий. Тэр хүүхэд тархины хүнд гэмтлийнхээ улмаас цаашид суралцах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Ингэж хохирсон тохиолдол маш олон. Тиймээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ийм тохиолдлуудад анхаарлаа хандуулж ажиллаж байна.
-Хүүхэд хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлагууд, уяач нартай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Орон нутгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээр аймгийн Засаг дарга нар ажилладаг. Тэд салбар дундын уялдааг хангаж, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллах чиг үүрэгтэй. Гэтэл орон нутгийн удирдлага нь уяач нарыг дэмжиж тойруулгын уралдаан зохион байгуулах нь ч бий. Уг нь бооцоот уралдаан, тэмцээнийг хуулиар хориглосон шүү дээ. Харамсалтай нь, 2024 онд 1000 ам.долларын бооцоотой уралдаан ч болсон байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тойруулгын уралдаанд хүүхдийг оролцуулахыг хориглосон. Гэсэн ч бооцоот уралдаанд хүүхдийг оролцуулах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэн. Морин спорт, уяачдын холбооны удирдлагуудтай өнгөрсөн жил уулзаж, хэлэлцсэн. Мөн хүүхэд мориноос унахдаа юунаас болж гэмтсэнийг тодруулахын тулд хамгаалах хувцас, хэрэглэл стандартад нийцэж буй, эсэх, дөрөө нь мултрахгүйгээс ийм зүйл болсон гэдгийг судалж байгаа.
-Хүүхэд хамгаалах ажилтнууд орон нутагт ажиллахад хүндрэлтэй тал бий юү?
-Орон нутагт ажиллахад нэлээд хүндрэлтэй. Хүүхэд, гэр бүл хамгааллын салбар 1100 орчим ажилтантай. Үүн дээр 833 нийгмийн ажилтан нэмэгдэнэ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу сум, хороо бүрд хүүхэд, гэр бүл хамгааллын ажилтан байх ёстой. Засгийн газраас хүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч буй нь сайшаалтай. Хүүхэд хамгааллын ажилтнууд уралдааны үеэр хүүхдүүдийг бүртгэж, хамгаалах хувцас, хэрэгслээ бүрэн өмссөн, эсэхийг шалгахаас гадна гараанаас бариа хүртэл автомашинаар дагаж явах хэрэгтэй. Гэтэл зарим алба, нэгж автомашингүй. Мөн автомашин байдаг хэдий ч эвдэрсэн. Тиймээс холбогдох яамдуудад энэ талаар саналаа хүргүүлсэн.
А.Үүл