.jpg)
ХБК-ийг балетийн бүжигчин мэргэжлээр төгссөн Ц.Цолмонбуд мөрөөдлөө биелүүлэн, гадаадын тайзнаа Монголынхоо нэрийг гаргаж яваа залуу. Сөүлийн “И Вон Гүг балет” компанийн нүүр царай болсон гоцлооч түүнийг эх орондоо амрахаар ирээд байхад нь уулзлаа.
-“И Вон Гүг балет”-ийн компанид яаж яваад “олзлогдчихов”?
-Би Хөгжим бүжгийн коллежийг 2003 онд төгссөн. 2006 он хүртэл ДБЭТ-т ажиллаж байгаад Японд очиж, “NBA балет” компанид жил гаруй бүжиглэсэн. Тэнд байхдаа Сөүлийн “И Вон Гүг балет”-ийн компанитай холбогдон, гэрээ хийснээр 2007 онд БНСУ руу явсан юм. Нэг хэсэг тус улсын Чуннам их сургуульд балетийн багшаар ажиллаж байлаа. Тэгээд энэ театртаа бүжиглэх болсон. Солонгост зохион байгуулсан гурван том уралдаанд би оролцож, түрүүлсэн.
-Тэр театртай хэдэн жилийн гэрээтэй вэ?
-Гэрээг жил жилээр хийдэг юм. Сайн байвал сунгаад байх боломжтой. Одоо ажиллаж байгаа компанийг үүсгэн байгуулагч И Вон Гүг бол эх орондоо төдийгүй Азид нэртэй мундаг бүжигчин. Энэ театр 30 гаруй бүжигчинтэй. Үүний эрэгтэй гурван гоцлоочийн нэг нь би. Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Балетчдыг гоцлол бүжигчин, гоцлооч гэж ангилдаг. Гоцлол бүжигчнийг солист, гоцлоочийг принципал гэдэг. Оросууд прима гэдэг. Бас гоцлол бүжигчид дотроо нэгдүгээр, хоёрдугаар гэх мэтчилэн зэрэглэлээрээ ялгаатай. Принципал бол тухайн театрынхаа нүүр царай гэсэн үг.
-Ирэх даваа гаригт нэг том тоглолттой гэсэн?
-Солонгосчууд шинэлж байгаа учраас долоо хоногийн амралтаараа эх орондоо ирсэн юм. Нөгөөдөр буцна. Даваа гаригт гала тоглолттой. А.Аданы “Корсар” балетийн хэсгээс бүжиглэнэ.
-Япон, БНСУ-ын тайзнаа бүжиглэж байсан хүний хувьд тэндхийн балетийн дэг жаяг Монголынхоос ялгаатай байна уу. Тэдний болон манайхны давуу тал юу байх шиг байна вэ
-Япон, БНСУ-ын балетийн урлагийнхан европ сургалттай. Европт голч лон суралцдаг болохоор манайхнаас арай өөр байдаг. Техник сайтай. Монголын балетчид орос дэг жаягаар сурдаг. Орос школ хаана ч гологдохг үй. Гоё, цэвэрхэн бүжиг лэ дэг гээд харин ч давуу байдаг. Манай ХБК-д заадаг зарим хичээлийг Япон, Солонгост сургалтын хөтөлбөртөө тус гаагүй уч раас өөрсдөө бие даан сур даг юм билээ. Тэгэхээр манайхан сур галтын онц лог, давуу тал их.
-Япон, солонгосчуудын гол хүнс нь будаа байдаг болоод тэрүү жижиг ястай, жингээр бага байдаг. Эмэгтэй бүжигчдийг өргөхөд энэ нь мэдрэгддэг үү?
-Үнэхээр тийм шүү. Манайхныг бодвол арай л хөнгөн байдаг.
-Сөүлийн томоохон театрт гоцлооч байна гэдэг ур чадварын үнэлэмж. Тэр утгаараа цалин, хангамж сайн байх даа?
-Цалин боломжийн. Компаниас байраар хангадаг. Ер нь Солонгост юмны өртөг харьцангуй гайгүй шүү дээ. Амьдрах боломж сайтай. Хүнсний зарим барааны үнэ Монголынхоос ч хямдхан байна шүү. Монголд юм юм их үнэтэй байх шиг байна.
-Тэнд нэг кг үхрийн мах дунджаар хэдэн вон байна вэ?
-Ангиллаасаа шалтгаалаад үнэ нь янз бүр. Монголын махны үнэтэй бараг адилхан даа. Хамгийн сүүлд австрали үхрийн мах 20 кг-ыг 160.000 воноор авсан. Уг нь манайд мах хамгийн хямд байж болмоор санагдах юм. Яагаад ингээд үнэ нь тэнгэрт хадчихдаг юм бол?
-Тоглолтын үед Цолмонбудын нэрийн өмнө “Монголынх” гэж хэлнэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Эх орныхоо нэрийг дуудуулж гардаг. Манай компанийн уран бүтээлчид ирэх долоодугаар сард Европоор аялан тоглоно. Аравдугаар сард Японд тоглолттой. Тэр бүрт л “Монголынх” гэж дуудуулаад явна. Тэнд тоглолт бүрт зориулан сурталчилгааны жижиг каталоги гаргадаг юм. Тухайн бүтээлийн танилцуулга, мэндчилгээ, уран бүтээлчдийн тухай гэх мэтчилэн бүх зүйлийг тодорхой танилцуулдаг. Тэгээд бүжигчдийн хамгийн эхэнд “Гоцлооч тэр” гээд миний зураг, товч танилцуулга тавигддаг. Тэгэхээр сайхан санагддаг шүү. Японд анх очоод тийм танилцуулгын эхний хуудаснаас өөрийнхөө нэрийг эх орныхоо нэртэй хамт уншаад ёстой их баярлаж билээ. Гоё санагддаг юм билээ.
-“И Вон Гүг балет”-ийн компанид Цолмонбудаас өөр гадаадын бүжигчин бий юү?
-Байхгүй. Харин Орос, Румыний балетмейстр бий. Байгуулагдаад долоон жил болж байгаа компанийн гоцлоочоор Хятад, Туркийн уран бүтээлчид ажиллаж байсан. Ирэх сараас Японоос эмэгтэй гоцлооч ирнэ гэсэн.
-Солонгос үзэгчид балетийг хэр хүлээн авч байна вэ?
-Солонгосчууд их сэтгэл хөдлөлтэй, уран бүтээлчдэд урам өгч чаддаг үзэгчид.
-Манай үзэгчид ч сонгодог урлагийн мэдрэмж өндөртэй шүү дээ.
-Би Монголынхоо тайзан дээр бүжиглээгүй уджээ. Намайг энд байхад театрт маань цөөхөн үзэгч ирдэг байсан. Одоо өөр болсон гэсэн.
-Тийм шүү. Өнгөрсөн жил Д.Алтанхуяг дэлхийд нэртэй балетчдыг эх орондоо урьсан. Саяхан Тамара Рохо
ирж бүжиглэлээ. Тэгэхээр эх орондоо ирэх хэрэгтэй байна даа.
-Тэр бүгдийн тухай сонсож, интернэтээр бичлэгийг нь үзсэн. Сайхан байсан. Эх орныхоо тухай ялангуяа театрынхаа, ХБК-ийнхоо тухай мэдээллийг байнга авахыг хүсдэг. Би ч гэсэн дандаа гадаадад бүжиглээд байхгүй л дээ. Эх орондоо ирэх бодол бий. Мөн ирэх зунаас БНСУ-ын мундаг балетчдыг эх орондоо урьж тоглуулахаар төлөвлөсөн байгаа. Уг нь нэлээд эртнээс төлөвлөсөн ч тэр хүмүүсийн ажлын хуваариас болоод хойшлуулчихсан юм. Сүүлийн үед Солонгос, Хятадын балетчдын ур чадвар сайжирч, тив, дэлхийн томоохон уралдаанд хүч түрэн орж ирж байна шүү.
-Яагаад балетчин болчихов?
-Ээжийн минь сонголт байсан юм. Балет гэж чухам юу байдгийг ч мэдэхгүй хүүхэд байлаа. “Балет гэж юу юм бэ” гэж асуухад ээж маань “Хуруун дээрээ явдаг, их гоё мэргэжил” гэсэн. Тэгээд л “Хунт нуур, хуруун дээрээ явдаг” гэдгээс өөр юм мэдэхгүй амьтан тэр сургуульд шалгуулаад тэнцчихсэн юм.
-Ээжийн сонголт зөв байжээ?
-Зөв байсан. Ээждээ их баярладаг.
-Хэрэв бүжигчин болоогүй бол гэж боддог уу?
-Яагаад ч юм бэ, өөр ажил хийнэ гэж ерөөсөө төсөөлөгддөггүй юм. Хүнд хүчир хөдөлмөр хэдий ч балетчин байх нь аз жаргалтай, сайхан. Ер нь энэ ажлыг хэн дуртай нь хийчихгүй, хэцүү л дээ. Тэвчээртэй нь л тунаж үлддэг юм. Хүүхдүүд гадаа тоглож байхад бид бэлтгэлээ хийгээд л байж байна. Зургаадугаар сарын 1-нд хүүхдүүд парк явж байхад бид мөн л бэлтгэлээ хийгээд хөлс, нулимс дуслуулаад л байж байна. Гэхдээ тэрний хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа шүү.
-Шантарч байв уу?
-Сургуульд байхад ингэж ядарч, зовж байхаар больдог ч юм бил үү гэж бодох үе нэлээд хэд байсан. Гэхдээ тэрүүхэн үедээ л тэгж боддог. Маргааш нь мартчихсан бүжиглээд, сургуулилалтаа хийгээд л гүйж явна.
-Юунд нь татагдаад тэр их ядаргаа, дарамтыг мартдаг байсан юм бол. Ээжийнхээ хэлээд байсан тэр гоё зүйлийг нь балетаас мэдэрч байна уу?
-Энэ урлаг хүнийг тэвчээртэй, цаг хугацааны үнэ цэнийг мэдэрдэг болгодог. Ганцхан минут үргэлжлэх үзүүлбэрийг гэхэд өч төчнөөн өдөр, сараар бэлддэг байх жишээтэй. Тэгэхээр хүн хором бүрийн үнэ цэнийг мэдэрдэг болдог. Хамгийн гоё мэдрэмж гэвэл тайзан дээрх агшин. Бүжиглэж байхад нэг их сайхан мэдрэмж төрдөг. Ээж маань балетчин болбол их соёлтой, сайхан хүмүүждэг юм гэж хэлдэг байлаа.
-Гэр бүлээ танилцуулаач. Үр хүүхдээ энэ урлагт хөтлөх үү?
-Эхнэр маань БНСУ-д докторантурт сурдаг. Бид хараахан хүүхэдтэй болоогүй байгаа. Хэрэв хүүхэд маань дасгал сургуулилалтын хүнд хэцүүг тэсэж, тэвчиж чадна гэвэл балетчин болгоно оо.
-Амжилт гэж юу вэ. Цолмонбуд амжилтад хүрсэн үү?
-Өөрийгөө ялан дийлэхийг амжилт гэж боддог. Өнөөдөр ядраад унтмаар байсан ч, сайхан хоолыг цатдалаа идмээр байсан ч зорилгодоо хүрэхийн тулд тэвчих хэрэгтэй. Тэгж чадвал өөрийгөө ялж, амжилтад хүрнэ. Би амжилтад хүрсэн үү гэвэл...? Сургуульд сурч байхдаа би сайн бүжигчин болж, гадаадын тайзан дээр бүжиглэх юмсан гэж мөрөөддөг байсан. Хүсэж мөрөөдөж байсныхаа захад хүрсэн болохоор тодорхой хэмжээний амжилттай явж байна гэж боддог.
-Эх орноосоо олон жил хол байж байгаад ирэхэд хамгийн түрүүнд юу мэдрэгдэв. Өөрчлөгдсөн зүйл хэр байна вэ?
-Жавар тачигнасан идэр есийн хүйтнээр ирлээ. Сайхан байна аа. Хотын гудамжууд машинаар хахчихаж. Гурван жилийн өмнө ирэхэд машинууд нь гудамжаар ямар ч дүрэмгүй яваад байх шиг санагдсан. Өнөөдөр харин тийм байдал үгүй болж. Өөр нэг ажигласан зүйл гэвэл хүмүүс их бухимдалтай байх шиг байна. Юм асуухаар уурлаад ч байгаа юм шиг хөмсөг зангидсан хүмүүс байна. Би өмнө нь 2008 оны долоодугаар сарын 2-нд ирсэн юм. Тэгэхэд сэтгэл их өвдсөн. Замын уулзвар бүрт цагдаа нар хамгаалалтад гарчихсан, аймшигтай байсан. Орой хамаагүй гарч болохгүй, “Буудна” гэж ярьцгаагаад. Эмзэглэж байсан шүү. Гэхдээ Монгол Улс маань удахгүй улам сайхан болно гэдэгт итгэдэг.
Ц.Цолмонбуд ХБК-ийн багш Дашлхагватайгаа уулзахаар явлаа. Тэрбээр “Багш маань хүүхдийн төлөө ажиллаж чаддаг хүн. Тэр хүний ачаар олон хүн сайн балетчин болсон. Үргэлж талархаж явдаг шүү, багш аа. Багшийн маань шавь нараас гадаадын тайзнаа бүжиглэж, эх орныхоо нэрийг гаргаж яваа хүн цөөнгүй бий” хэмээсэн.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ