Нийслэлд өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн оролцон 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьж, өмнөх жилүүдийн амжилтынтүүхийг ардаа орхив. Үүнээс таван км-т 14 000 хүн уралдсан. Тэдний дунд 41 улсын гүйгч манайхантай төрөл тус бүрт өрсөлдсөн нь тун сонирхолтой байлаа. Уг уралдаан нь хотын хэмжээнд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээний нэг ч энэ жил төсөөлөөгүй өргөн хүрээг хамарсан юм. Эл тоон үзүүлэлт иргэд спортоор хичээллэхэд анхаарал хандуулж, стресс бухимдалгүй, эрүүл амьдрахыг хүсдэг болсныг тодорхой харууллаа. Марафоны 42 км-ийн зайд Кени, Этиоп, Япон, ОХУ-ын тамирчид дотоодын оролцогчидтой хамт “тоос өргөсөн”. Тэднээс урилгаар оролцсон Кенийн тамирчин Андерсон Серой Сайтоти хоёр цаг 12 минутад барианд орж, алтан медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга Г.Хишигсайхан гурав дахь удаагаа аваргаллаа. Эл марафон зарим гүйгчдэд зүгээр нэг уралдаан бус, шинэ эхлэл шиг байсныг онцолсон. Байгууллагаа төлөөлж оролцсон гүйгчид марафонд ажлынхаа онцлог, давуу талыг харуулахыг зорьсон. Тухайлбал, 21 км-т гүйсэн иргэн Б.Баттөр марафонд оролцохын тулд Монгол харваачийн өмсдөг байсан дээлийг хэдэн сарын өмнө урлуулжээ. Ф.Ганбаяр гал сөнөөгчдийн тэсвэр хатуужлыг олонд харуулж, итгэл найдвар өгөх зорилгоор хувцас, тоноглолтойгоо гүйв. Оролцогчдын дунд олны танил урлаг, улс төр, спортын алдартнууд, орон нутгийн иргэд ч гүйж байлаа. Увс аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч ихэр охид хичээлээсээ нэг сарын чөлөө авч, Улаанбаатартирсэн даруйдаа шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл хийж оролцсоноос Б.Мөнхзаяа нь 10 км-т түрүүлэв. Автомашингүй өдөр марафон үзэхээр ирсэн иргэд Сүхбаатарын талбайд гэр бүлээрээ нэг өдрийг тааваараа амран, бужигнаж өнгөрүүлсэн нь улсын наадмыг санагдуулж байв. Тэдний зарим нь уг марафон зохион байгуулалт муутай болж буйг дурдсан. Жишээлбэл, оролцогчдыг бөөнд нь гаргахаар эмх замбараагүй, жирийн сонирхогчид баруун гар талаа барьж, мэргэжлийн гүйгчдэд зам тавьж өгөхийг хэлээгүй учраас мэдэхгүй байгааг, мөн гараанаас олноор гарах үед хүүхэд, ахмадууд залууст түлхэгдэн унаж, бэртэх тохиолдол цөөнгүй гарсныг, таван км бүрд электрон цаг байршуулах, тэмцээнийг 10, 11 цагт бус, өглөө сэрүүнд эрт эхлүүлэхийг сануулж байв. Түүнчлэн усны цэгүүд хангалтгүй, барианд орсон гүйгчдэд уух ус, хоол хүнс хүрэлцэхгүй, тухтай амрах газаргүй, телевизийн шууд дамжуулалт тааруу, цэгүүдэд байршуулдаг камер байхгүй, дэлхийн томоохон марафоныг шууд дамжуулдаг стандартыг хойшид хэрэгжүүлж сурах, бариа хүртэлх тактикийн уралдаануудыг үзэгчдэд зөв ойлгуулж, тайлбарлах ёстойг өгүүлсэн юм.
Г.Бат