“Хүн төвтэй бодлого”-той хэмээн алсын хараагаа тодорхойлсон нийслэлийн төвийн дүүргийн зарим айл өрх халуун усгүй 27 хонож байна. Иргэд, оршин суугчдын тэвчээрийг шалгасан энэ өдрүүдэд дүүрэг, хорооныхон, орон сууцын конторынхон “Тодорхойгүй хугацаагаар хойшилсон” гэх учир шалтгаан нь тодорхой бус, эзэн холбогдогчгүй тайлбар хэлсээр. Эзэнгүй арал дээр гээгдсэн мэт “үл мэдэх”-үүд сүүлдээ ч цаг хугацааны баримжаагаа алдан, нөхцөл байдалтай эвлэрч, халуун ус хэзээ ирэх тухай асууж сураглахаа болив.
Бүх нийтээр халуун ус хязгаарлах хуваариас ч өмнө гэнэтхэн крантаа хааж, араас нь мэдэгдэл хүргэдэг тохуу. Товлолт хугацаанаасаа өчнөөн хоногоор хоцроочхоод ямар нэг тайлбар, шалтгаангүй өнөөг хүрсэн даажигнал. “Зүв зүгээр байгаа зам, бродюрыг битгий оролдоод бай. Бидний төлсөн татварын мөнгийг илүү чухал зүйлд зарцуул” гээд байхад л гүлдийчхээд муйхарлан зүтгэх түрэмгийлэл.
Иргэдийнх нь бухимдал, гаслан эрх баригч, шийдвэр гаргагч нарт хэзээ ч хүрэхгүй, хоосон цуурай мэт дөжрөл болсны нэгээхэн жишээ л энэ. Шугам сүлжээний ажил хийх нэрийдлээр жилийн жилд урин дулаан цагаар халуун ус тасалдаг нь тэдний зөв, ажлаа хугацаандаа хийж амжихгүй байна гээд хоног сунгадаг нь байдаг л зүйл, хүмүүс амрахаар дагаад амарчихдаг зохион байгуулалтгүй, хариуцлагагүй ажилтнуудын хойноос нэхэл дагал болж хөөцөлдөөд байгаа нь иргэдийн буруу мэтээр ойлгуулдаг. Иймэрхүү төөрөгдүүлэлт газар авахаар хүн өөртөө ч, хийж буй үйлдэлдээ ч эргэлзэж эхэлдэг гэдэг.
Ерөөс монголчуудын, улаанбаатарчуудын амьдралын хэмнэл нэг иймэрхүү болчихлоо. Утааны, тоос шорооны, үерийн, харшлын гэсэн дөрвөн улиралтай нийслэл хотод хүмүүсийн сэтгэл зүй цаанаа гундуу, залуусын сүүлчийн итгэл найдвар, урам зориг “амь тавьж” байна. Ямар нэг эрх ашгийн үүднээс үе үе гарч ирдэг нөхдийг эс тооцвол энэ янзаараа татвар төлөгчдийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан тухай тайлан мэдээллийг нэхдэг, шаарддагаа ч болих шинжтэй. Тухайлбал, энэ жил нийслэл, дүүргийн төсвөөс хэдэн төгрөгийг хаана хаана, ямар шугам сүлжээний ажилд зарцуулах, тэр нь хэдэн жилийн баталгаатай засвар шинэчлэл байх вэ гэхчлэн мэдээллийг нэхэж, ил тод авмаар байна. Өнгөрсөн жил хагас хугас засаж аргацаасан шугамын ажлаа энэ онд дахиад төсвийн мөнгөөр гүйцэтгэж байж мэдэх л нөхөд шүү дээ. Хэрэв тэгсэн байвал “Өнгөрсөн жил энэ хэсгийг зассан биз дээ. Одоо яг юуг нь шинэчлэх гээд байна вэ” гэж амыг нь асууж, хяналт тавих учиртай. Ийм зүй ёсны шаардлага тавих эрх ардчилсан орны иргэдэд бий.
Энэ жил засах төлөвлөгөөнд орсон “7б, в, г, д, ж, и магистраль” шугамын засварын ажил ирэх жил төсөвт дахиад орж ирэх нь үү гэдгийг II, III, IV, VI бичил хороолол болон Гандан, Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид адаглаад харж хянадаг, асууж шалгаадаг байвал зүгээр сэн. Бидний л мэдэхээр гурав, дөрөвдүгээр хорооллын төв замын голд жил бүр л элдэв хачин “юм” хийдэг. Нэг жил мод тарьж үзнэ, дараа нь өнөөдүүлээ хуугаар нь булга татаад хиймэл цэцэг хуар “ургуулна”, өөр нэг жил элдэв хөшөө дурсгал сүндэрлүүлнэ. Өнгөрсөн жил гэхэд Монголд байтугай дэлхийд байхгүй “гала”, неон өнгөтэй сарлаг үхэрт тэрэг хөллөөд, дээр нь баахан цэцэг навч ачаалсан, ямар ч утга авцалдаагүй бүтээн байгуулалт хийсэн. Өнөө жил тэнд юу “бүтээн байгуулахаар” төлөвлөснийг одоогоор таашгүй.
Загасны ой санамжтай, мартамхай иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадсан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг энэ мэт түрэмгий үйлдэлд хариу барих дархлаатай байхгүй бол дасгаж дасгаж байгаад нэг өдөр дагуулж тонгорчхоод хаяад явахад нь бид хэлэх үггүй, хийх мэхгүй оройтсон байх вий.
Л.Аргамжин