Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оюутан цагдаа нарыг маргаашаас ажиллуулахаар болсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв. Ес дэх жилдээ хэрэгжүүлж буй эл хөтөлбөрт энэ удаа 125 оюутан бүртгүүлснээс хэлний мэдлэгийг нь харгалзан 42-ыг шалгаруулжээ. Тэд нийслэлийн аль хөл хөдөлгөөнтэй, жуулчид их очдог газруудад эргүүлд гарч, гадаад, дотоодын аялагчдыг аюулгүй зорчих боломжоор ханган, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх юм. Нийслэлийн Аялал жуулчлалын болон Цагдаагийн газар, Монголын оюутны холбоо, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо зэрэг байгууллагынхан “Оюутан цагдаа” хөтөлбөрийнхнийг өнгөрсөн баасан гарагт сургалтад хамруулж, гадаадын иргэд, жуулчдын соёлын ялгаа, хэрэг, зөрчлөөс сэргийлэх үйл ажиллагааны онцлог, анхан шатны тусламж үзүүлэх арга зүй, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, гол үзмэрүүдийн танилцуулга, байршил зэрэг сэдвийн хүрээнд залууст мэдлэг, мэдээлэл, зөвлөмж өгчээ.
Н.Мишээл