Aутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлж, хүүхдэд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий "ADOS-2" аутизмын оношилгоо, үнэлгээний арга зүйн сургалт 2025 оны 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), Монголын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун удирдан явуулж байгаа юм. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Захирал Г.Анхболд нээж хэлсэн үгэндээ "ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг ашиглан, үнэлгээ хийх эмч мэргэжилтэний тоог нэмэгдүүлж, аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг онцлоод сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтад төр болон хувийн хэвшлийн эмнэлгийн сэтгэцийн эмч нар болон сэтгэл зүйч нар оролцож байна. Дашрамд дурьдахад, ДЭМБ нь 100 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж дүгнэсэн байдаг бөгөөд аутизмын шинж тэмдгүүд нь зургаан сартайгаас илэрч эхэлдэг ба 18 сартайд оношлох боломжтой гэж үздэг. Монгол Улсын хувьд өнөөгийн байдлаар СЭМҮТ-өөр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд аутизмын хүрээний эмгэгийн асуудлаар хандах хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Тоон судалгаагаар 2013 онд 19 хүүхэд оношлогдож байсан бол 2023 онд 2003 болж өсчээ.
СЭМҮТ нь аутизмын хүрээний эмгэгийг эмнэлзүйн үзлэгээр оношилж байсан бол өнгөрсөн онд төвийн хүүхдийн сэтгэцийн эмч нар БНТУ-д "ADOS-2" аутизмын оношилгоо, үнэлгээний аргачлалын онол болон дадлагын сургалтад хамрагдсанаар уг аргачлалаар оношилж эхлээд байна. СЭМҮТ-өөр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг аутизмын хүрээний эмгэгийн ялган оношилгооны үзлэг эзэлдэг бөгөөд хүлээгдэл ихтэй байдгаас шалтгаалан бүх хүүхэд тэгш хамрагдах боломжгүйгээс гадна тухайн хүүхдэд тохирсон заслуудыг хийхэд бэрхшээл учирч байна. Иймээс “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг ашиглаж, үнэлгээ хийх эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлж, аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Аутизмын хүрээний эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн тусламж үйлчилгээнд эрт хамруулснаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.