УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН, АН-ын бүлгийн хурлаар өчигдөр хэлэлцлээ. Хуулийн этгээд, хувь хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан гүйцэтгүүлэхэд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах, мөн ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцын ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр өгсөн хөнгөлөлтөөс шимтгэл авахгүй байх, түүнчлэн ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг заалттай уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас 100 хувь дэмжлээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар үүнийг Засгийн газраас боловсруулж буй Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэж, цаашид ажлын хэсэг гарган илүү нарийвчлах, хамтатган судлах шаардлагатай гэж үзлээ.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир бүлгийн даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар хуралдааны танхимаас нэр дэвшиж, нууц санал хураалтаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийн танилцуулгыг сонсож, холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Г.Сансар