Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр танилцуулав. Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх оныхоос 35.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нийт 1319 төсөл, арга хэмжээг гурван их наяд 828.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан. Үүнээс гүйцэтгэлээр 62.7 хувийн санхүүжилт олгож, төлөвлөсөн 579 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 69 хувьтай байгаа нь хангалтгүй гэж дүгнэжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “өөрчлөлтгүй” 33, “хязгаарлалттай” 29, “сөрөг” нэг дүгнэлт өгсөн байна. Мөн аудитаар нийт есөн их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул “хязгаарлалттай” дүгнэлт өгөв. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд ч Засгийн газар, бүх шатны төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдан гарсаар байгаа аж. Иймд УИХ-аас аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүлж, төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатайг тус тайланд тусгажээ. Тухайлбал, төсөв батлахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилснөөс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, тогтвортой байдлын зарчмыг алдагдуулж байгааг анхаарах, орлогын бүтцэд оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх гэх мэт асуудлыг тусгасан байна.
Ч.Болор