Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах санаачилгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжлээ. Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай тэргүүтэй УИХ-ын 12 гишүүн Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр өргөн барьсан юм. Хуваарь ёсоор эл төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд олонх нь дэмжсэн байна. Ингэснээр тус асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх боломжтой боллоо. Хуулийн төслийг санаачлагчид “Агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг нийслэл, орон нутаг дахь төрийн захиргааны, эрдэм шинжилгээний бүх шатны байгууллага чиг үүргийн дагуу хариуцан ажиллаж байгаа ч энэ чиглэлээрх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн уялдааг хангах, зөрчлийг арилгах, хяналт тавих ажил орхигдсоор байна” гэж ярив.