Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч, буух зурвасыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө засаж, ашиглалтад оруулснаа Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Уг нисэх буудлыг өргөтгөж, засахтай холбоотойгоор сүүлийн жил гаруйн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоож, Улаанбаатар-Даланзадгадын чиглэлийн нислэгийг хязгаарлаад байсан юм. Улмаар орон нутгийн иргэд, аялал жуулчлалынхны тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас нисэх буудлын засварыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд эхлүүлсэн бөгөөд наадмаас өмнө ажлыг нь дуусгана хэмээн мэдээлж байв. Тэгвэл гүйцэтгэгч “Чамбай зам” ХХК-ийнхан “Гурван сайхан”-ы хөөрч, буух хатуу хучилттай шинэ зурвасыг салбарын яам, орон нутгийн холбогдох байгууллага, тус нисэх буудлын удирдлагуудад энэ сарын 23-нд албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Ингэснээр агаарын тээврийн компаниуд тухайн чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэв. Одоогоор МИАТ ТӨХК Улаанбаатар-Даланзадгадын чиглэлд ирэх сараас эхлэн долоо хоног тутам тогтмол нислэг үйлдэхээ зарлаад байна.
Ж.Сувд