Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш. Мирзиёев Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын яам дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа.
Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай олон чиглэлд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана.
Үүнд:
Их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын харилцан солилцоо, сургалт, судалгааг зохион байгуулах;
Боловсролын тогтолцоо, хөтөлбөр, сургалтын нөөц, сурах бичиг, программ хангамжийн талаар мэдээлэл солилцох;
Хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах;
Инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх.
Талууд жил бүр хоёр улсын дээд боловсролын байгууллагад бакалавр, магистр, докторын түвшинд 10 хүртэлх оюутан солилцож байхаар тохиролцлоо. Талууд хэлэлцээрийн хэрэгжилт болон оюутан солилцооны явцыг хоёр жил тутам хамтран үнэлж, сайжруулах арга хэмжээ авч байхаар болов.
Өнөөдөр байгуулсан хэлэлцээр нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, харилцан оюутан суралцуулах, дээд боловсролын салбарын туршлага солилцох өргөн боломжийг бүрдүүлнэ гэж талууд үзэж байна.