УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос ерөнхий хяналтын сонсголыг ирэх есдүгээр сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулах тов гаргажээ. Халзан бүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвийн хүрээнд сонсголыг зохион байгуулах бөгөөд оролцогчдыг ирэх есдүгээр сарын 18-ны 17.00 цаг хүртэл бүртгэх аж.
Сонсголд оролцох болон үүнтэй холбоотой санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, хуулийн этгээд сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө санал, хүсэлтээ бичгээр ирүүлэх боломжтой. Ингэхдээ овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газар, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурах шаардлагатай гэнэ. Мөн sonsgol@parliament.mn цахим шуудангаар илгээж болох нь. Ташрамд, оролцогчийн тоо хязгаартай тул бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулах юм байна. Сонсголд оролцогчид албаны болон үндэсний хувцастай байх ёстой аж.
Ч.Болор