ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар даатгалын багц дүрэмтэй холбоотой асуудлаар буюу ипотекийн зээлийн даатгалын шимтгэлийг 2-10 дахин нэмсэн шийдвэрийн талаар эрх зүйн тайлбар, мэдээлэл ирүүлэхийг шаардсан албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.Батхүү дээрх дүрмийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж, нөлөөллийн шинжилгээг хуульд нийцүүлэн хийж, шинэчлэн боловсруулах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгөх хүсэлтийг ХЗДХЯ-нд гаргасан байна. Үүний дагуу салбарын яамныхан шинэчилсэн дүрмийг хянаж нягтлах гэтэл захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас олдоогүй гэнэ. Тодруулбал, тус хороо 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор даатгалын багц дүрмийг шинэчлэн батлахдаа ХЗДХЯ-нд албан ёсоор бүртгүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөх олон талын саналыг тусгаагүй, нийтэд танилцуулаагүй байж болзошгүй нөхцөл үүсжээ.
Б.Мөнхбаатар сайдын Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн албан бичигт “Өмнө нь танай байгууллагаас баталсан даатгалын багц дүрэм нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй байсан ба үүнийг хүчингүй болгох тухай 2024 оны 632 дугаар тогтоолыг үндэслэн хассан. Харин үүний дараа буюу 2025 оны хоёрдугаар сард баталсан 66 тогтоол тус санд бүртгэлгүй байх тул хянан үзэх боломжгүй байна. Иймд дээр дурдсан актыг нэгдсэн санд бүртгүүлээгүй, хүсэлт гаргагч иргэний дурдсанчлан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй гэж үзсэн талаарх эрх зүйн тайлбар, мэдээллийг ирүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
Н.Мишээл