Киноноос эшлэл авдаг сэтгүүлч бол одоо үед доройгоо хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл. Бямбын Ренчин бээр өнгөрсөн зууны дөчөөд онд “Цогт тайж” кино бичсэн билээ. Социализмын үед энэ бүтээл ангит нийгэм дотроо үнэнийг эрэлхийлсэн мартагдашгүй дүрээрээ мөнхөрсөн байдаг. Одоо ч үнэ цэнээ алдаагүй.
Арслан тайж Хулантай танилцан хайр сэтгэлээ илэрхийлэх үгээ олж ядан дээрх үгийг хэлдэг. Уржигдар “Валентиний баяр” болсон. Бие биедээ хайртай болсон хосуудын баяр. Ямар ариун нандин, тансаг, эмзэг, туяхан, хонгорхон, энхрийхэн…
Өөр нэг түүх байдаг. Одоогоос 200 жилийн өмнө Оросын тариачин эр бас нэг тариачны охинд хачин их дурласан “байдалтай” байсныг Францын язгууртан бээр анзаарч хатан хаанд нь сонирхуулсан гэдэг. Эрхэм дээдэс үүнийг анзаарч шүлэг мүлэг бичдэг хүмүүсээ дуудан энэ сэдвээр “Пиар” хийхийг уриалж, ядуурал, өлсгөлөнгөөс илүү чухал сэдэв болгон өөрчлөхийг даалгажээ.
Тэр цагаас хойш “Хоёр сэтгэл хайртай бол хоосон байсан ч хорвоог туулах…” тухай зөндөө олон гоё шүлэг, роман, тууж үүсжээ. Угаасаа тэр цагаас өмнө ч гэсэн энэ сэдэв хүмүүний амьдралын утга учир байсаар байсан нь ойлгомжтой. Эмэгтэйд шунан дурлах явдал бол ороо нь орсон адгууснаас тэс өөр ухагдахуун боловч үр төлөө тэжээх хөх, дайснаас зугтах хөл, үрийг минь хүндрэлгүй төрүүлэх бөгс тааз зэргийг харгалзан дурладаг явдал одоо ч хэвээрээ гэж эрчүүл буюу эцэгчүүл хэлцдэг. Ташрамд дурдахад, бүх л “Валентин”-уудад гоо бус хэн нэгэнд үхэн хатан янагласан явдал тохиолдоогүй байх юм. Янаг дэмий гэж үү?