Харилцаа нь таагүй болсны улмаас Хятад улс Японоос хулсны баавгайгаа буцааж авах шийдвэр гаргаснаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдсэний дагуу Сяо Сяо, Лэй Лэй нэртэй ихэр пандаг өнгөрсөн мягмар гарагт Сычуань муж руу илгээлээ. 1972 онд хоёр орны дипломат харилцаа сайжирч, хэвийн болсныг тэмдэглэн Токиод “бэлэглэсэн” хулсны баавгайн үр төл болох тэд Японы амьтны хүрээлэнд 2021 онд мэндэлжээ. Японд тэднээс өөр панда байхгүй. Сяо Сяо, Лэй Лэй хоёрыг япончууд нулимстай үдэв. Учир нь хагас зуу гаруй жилийн дараа Токио ийнхүү пандагүй болж байна. Өдгөө Сычуаний Аварга панда хамгаалах, судлах төвд төвхнөсөн ихэр пандагийн эгч Сян Сян 2023 онд, аав, ээж болох Ли Ли, Шин Шин дараа жил нь Японоос Хятадад буцаж ирсэн түүхтэй аж. Ер нь гадаадад байгаа аварга панданууд болон үр төл нь ч хаана төрснөөс үл хамааран Хятадад харьяалагддаг дүрэмтэй. Үүнийг өмчлөлөө эргүүлэн авах боломжтой, панда түрээслэх үйлчилгээ гэж нэрлэдэг. Токио, Бээжингийн хооронд байгуулсан аварга панда Сяо Сяо, Лэй Лэй нарын түрээсний гэрээ энэ оны хоёрдугаар сард дуусах байсан бөгөөд хүйтэрсэн харилцааны улмаас хугацаанаас өмнө цуцлагдаж, сунгах боломж тасарчээ.
Аварга панда Хятадын тодорхой мужуудаас өөр хаана ч байдаггүй бөгөөд тус улсын үндэсний баялаг, бэлгэдэлд тооцогддог. 1949 оноос Хятад улс пандаг гадаад харилцаа, дипломат ажиллагаанд “оролцуулах” болсон. Тодруулбал “Панда дипломат ажиллагаа”-г бусад улстай харилцаагаа сайжруулахад ашигладаг. Хятадын соёлд панда нь итгэл, энх тайвны бэлгэдэл уч раас ийнхүү улс төрийн давхар агуулга, “статустай” болжээ. Эхэндээ аварга пандаг найрсаг орнууддаа дипломат бэлэг болгон илгээдэг байв. Архивын баримтад өгүүлснээр, VII зуунд хатан хаан Ву Зетян Японы Эзэн хаанд анх хос панда бэлэглэжээ. Харин орчин цагийн түүхэнд ЗХУ бэлгэнд панда авсан анхны улс юм. 1942 он гэхэд Хятадын Засгийн газар гадаад руу 14 панда илгээсэн бөгөөд үүний дараа удаан хугацаанд “завсарлага авчээ”.
ятадууд 1957 оноос эл амьтныг ихэвчлэн хосоор нь гадаадын амьтны хүрээлэнд тус бүрийг нь 250 000 ам.доллароор өгдөг байснаа 1984 оноос 10 жилийн хугацаатай түрээслэхээр шийджээ. Гэрээний хугацаа дуусахад пандаг эх оронд нь буцаадаг бол гадаадад төрсөн пандаг 2-4 насанд нь Хятадын үржлийн хөтөлбөрт илгээдэг. Цаашлаад мөн л гэрээ дуусгавар болсон цагт эргүүлэн авдаг. Харин хүлээн авагч орнууд жилд нэг хос панда тутамд ойролцоогоор нэг сая ам.доллар төлдөг аж. Энэ талаар олон улсын шинжээчид “Найрсаг дипломат харилцаа бөгөөд “зөөлөн хүч”-ний нэг хэлбэр, мөн сайн бизнес” гэж дүгнэсэн байдаг. Хятад улс панданы түрээсний орлогоор тухайн амьтны тоо толгойг өсгөх, хамгаалахын зэрэгцээ эко аялал жуулч лалыг нэмэгдүүлэхэд анхаардаг. Тэгэхээр эл амьтан улс төр төдийгүй эдийн засгагт асар нөлөөтэй. Үүний баталгаа болох жишээ мундахгүй. Сүүлийн жилүүдэд Хятад улс пандаг томоохон худалдааны гэрээтэй улс орнуудад шилжүүлэн өгөх нь элбэг болжээ. Тухайлбал, 2011 онд Эдинбургийн амьтны хүрээлэнд хүргэгдсэн хоёр панда эх орондоо хулд загас, “Land Rover” автомашин, эрчим хүчний технологи нийлүүлэх хэлэлцээр зэрэг чухал үйл явдлын гэрч болсон.
Японоос ээж, аавдаа эргэн очсон ихрийн адилаар улс төрийн шалтгаанаар Хятад руу буцаагдсан хулсны “алаг”-ийн түүх цөөнгүй. Панда “төрхөмдөө буцна” гэдэг бол харилцаанд асуудал үүссэний дохио. 2011 онд Британи руу илгээсэн хоёр пандагаа Хятад 2023 оны өвөл буцааж авсан шигээ Америкт хандсан. Вашингтоны амьтны хүрээлэнгээс хос панда Мэй Сян, Тиан Тиан болон тэдний бамбарууш Сяог буцаасан. Өхөөрдөм амьтдыг үдэх ёслол есөн өдөр үргэлжилжээ. Тухайн жил Мемфисийн амьтны хүрээлэнгээс нэг эмэгчин пандаг мөн л эргүүлэн татсан. Гэхдээ энэ удаагийнх нэлээд дуулиантай. Түүний хос Лэ Лэ тус хүрээлэнд зүрхний дутагдлаас болж нас баржээ. Эмэгчин нь ч царай алдсан, үс нь их унасан байсан бөгөөд Хятадын тал “Америкчууд баавгайнуудтай буруу харьцсан, арчилгаа муу байсан” хэмээн буруутгажээ. Пандаг арчилж, асрах нь нэлээд өртөг өндөртэй ажил бөгөөд гол хоол, тэжээл болох хулсыг эх орноос нь импортолдог байна.
2024 онд худалдааны дайны шинэ үе шатыг эхлүүлэх АНУ-ын шийдвэрт Хятад сонирхолтой хариулт барьж, Вашингтоны амьтны хүрээлэн рүү сайн санааны элчээр Бао Ли, Чин Бао нэртэй хос панда илгээжээ. Гэхдээ өнгөрсөн жил хятадууд тус улсаас сүүлчийн пандагаа эргүүлэн татсан. АНУ-д панда анх “айлчлах” болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Ричард Никсон 1972 онд Хятадад хийсэн түүхэн айлчлалын дараа харилцаа хэвийн болсонтой холбоотой. Удирдагч Маогийн өхөөрдөм бэлэгний хариуд Р.Никсон овидос мосчат буюу хонин бух өгсөн түүхтэй.
Тэгвэл 1957 онд ЗХУ коммунист Хятадыг анх хүлээн зөвшөөрснийхөө төлөө эрэгчин Пинг Пин баавгайгаар “шагнуулсан” бол 2019 онд Си Зиньпин Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийсний дараа Москвагийн амьтны хүрээлэнд Руй, Дин Динг нэртэй хос панда илгээжээ. Үүнээс өмнө 2016 онд Москвагийн амьтны хүрээлэн аварга пандаг түрээслэх хүсэлтийг Хятадын эрх баригчдад хүргүүлсний дагуу тэднийг Москвад авчирсан аж. Ингэснээр ОХУ “пандатай” 18 дахь улс болжээ. Дин Динг 2023 онд Москвагийн амьтны хүрээлэнд бамбарууштай болсныг Катюша гэж нэрлэсэн. Хятадын уламжлал ёсоор төрснөөс хойш 100 хоногийн дараа нэр сонгох ёстой. Ингээд нэр сонгох төсөлд 10 нэр ирүүлсний найм нь хятад, хоёр нь орос “угшилтай”. Кампанит ажлын үр дүнд сонгогчдын 29 хувийн саналаар Катюша нэрийг сонгосон аж.
Хятадад зөөлөн хүч, энх тайван дүр төрхийг бий болгоход тусалсан элч панда бүр өөрийн түүхтэй. Р.Никсоны айлчлалын дараа Хятад улсад Япон, Франц, Баруун Герман, Мексик, Испанийн амьтны хүрээлэнгээс хүсэлт илгээжээ, панда авахаар. Британийн Ерөнхий сайд Эдвард Хит 1974 онд Бээжинд болсон хэлэлцээрийн үеэр мөн л ийм хүсэлтэйгээ дуулгажээ. Гэхдээ тухайн цагт Британи хэдийн пандатай болчихсон үе. Үнэндээ Британи Зөвлөлт болон Хятадын харилцаанд сэв суулгахад пандаг ашиглахыг хүссэн хэрэг аж.
Олон түүх дундаас эмэгчин Чи Чигийнх олон орны хувьд онцгой алдартай. 1957 онд Сычуань мужид онгон байгальд төрж, Бээжингийн амьтны хүрээлэнд хүргэгдсэн түүнийг 1958 онд Австрийн амьтны худалдаачин Хайни Деммер авчээ. Африкийн туурайтан амьтдын гайхалтай цуглуулгаа Чи Чигээр сольж, түү нийг Москвагийн амьтны хүрээлэнд аваачсан аж. Долоо хоногийн дараа түүнийг Берлиний амьтны хүрээлэн рүү илгээв. Тэр жилдээ Америкийн амьтны хүрээлэнд зарагдсан боловч АНУ, Хятадын харилцаа хурцадмал байснаас болж Нэгдсэн улс руу нэвтрүүлээгүй байна. Хэдийгээр Лондоны амьтны хүрээлэн зэрлэг ан амьтдын төлөө панда худалдаж авах бодолгүйгээ мэдэгдэж байсан ч тухайн үед санаагаа өөрчлөн Чи Чийг авах шийдвэр гаргав. “Гранада” телевиз худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж. Ингээд Лондонд ирлээ. 1960-аад оны сүүлээр Чи Чигийн тухай сонинуудад олон нийтлэл гарч, Москвагийн “эртэй” учирч, үр төлтэй болох нь гэх болов. Үнэндээ бол Москва руу хэдэнтээ тээвэрлэж аваачсан ч эрэгчнийг тоогоогүй гэдэг. Оросын өөр нэг эх сурвалжид өгүүлснээр Москвагийн амьтны хүрээлэн дэх эрэгчин Ан Ан, Пин Пин хоёртой хос болгохоор нэг жилийн турш өч төчнөөн аргаар үзсэн ч үнэрлэх нь битгий хэл ойрхон ч очихгүй байж. Их зантай бардам “бүсгүй”-г оросууд “Энэ чинь эсрэг хүйсийнх биш, адилхан эрэгчин юм байна” гээд буцаажээ.
Дэлхийн зэрлэг амьтдын сан (WWF)-г үүсгэн байгуулагчдын нэг, эрдэмтэн, судлаач, амьтны зураач Сэр Питер Скотт 1961 онд Чи Чийг Лондоны амьтны хүрээлэнд байх үеэр зурж, хөргийг нь бүтээв. Ингэж Дэлхийн зэрлэг амьтдын сангийн бэлгэдэл болсон эгдүүтэй Чи Чи 1972 онд амьтны хүрээлэнд нас баржээ.
2023 оны байдлаар Хятадаас гадна АНУ, Австри, Австрали, Бельги, Британи, Дани, Герман, Малайз, Испани, Япон, Франц, Орос, Сингапур, Тайланд, Өмнөд Солонгос, Мексик, Канад, Нидерланд, Индонез, Катар, Японы амьтны хүрээлэнд панда “эзэмшиж” байснаас одоогоор АНУ, Франц, Япон энэ жагсаалтаас хасагдаад байна.
Тодруулга Латин нэршил нь эйалуропода меланолюка, хятадаар пининь (баавгай-муур) буюу аварга том панда бол баавгайн овогт багтдаг, олон төрлийн идэшт хөхтөн амьтан. Өмнө нь толбот баавгай (ursus melanoleucus) гэж нэрлэж байсан эл амьтан Хятадын төв хэсгийн уулархаг бүс Сычуань, өмнөд Ганьсу, Шаньси мужид, далайн түвшнээс 1800-3200 метр өндөрт амьдардаг. Дунджаар 1.8 метр өндөр, 165 хүртэл кг жинтэй. Саяхныг хүртэл устаж үгүй болох аюулд өртсөн байсан эл амьтан өдгөө 2000 болсон бөгөөд 2016 онд “эмзэг” гэсэн ангилалд оруулсан. Өнгөрсөн оны аравдугаар сард Абу-Дабид болсон их хурлын үеэр мөхөх аюулд өртсөн амьтдын шинэчилсэн улаан жагсаалтыг танилцуулахад Сычуаний аварга панда зэрэг зургаан амьтныг мөхлийн ирмэгээс аврагдсанд тооцож, ангиллыг нь өөрчилсөн. Хятадад панда агнасан тохиолдолд шоронд хоригдох нигууртай.
ДУРЛАЛД ХОЙРГО
Хэдийгээр панда нь төрөл бүрийн идэштэй гэдэг ч бараг 90 хувь хулсаар хооллодог. Насанд хүрсэн панда өдөрт 30 хүртэл кг хулс иднэ. Хулс үгүй бол аварга панда өлсөж үхэх эрсдэлтэйг батлах үйл явдал 1975, 1983 онд бүртгэгджээ. Бусад баавгайг бодвол харьцангуй урт буюу дунджаар 15 см сүүлтэйгээс гадна ер бусын урд сарвуутай, бас “илүү” хуруутай. Үнэндээ бол хувьслын явцад бугалга хэсэгт үүссэн яс нь эрхий хуруу шиг үүрэг гүйцэтгэж, хулсыг хальслах, алдалгүй барих чухал үүрэгтэй. Панда жилийн турш идэвхтэй буюу бусад баавгай шиг ичдэггүй. Аварга панданы үржлийн нас 4-9 бөгөөд орооны үеэр буюу 3-5 дугаар сард хосын эрэлд гарна. Бусад цаг хугацаанд ганцаараа амьдардаг. Онгон байгальд эмэгчин хоёр жилд нэг удаа хээлтэж, 95-160 хоног тээж ихэвчлэн нэг бамбарууш төрүүлдэг. Дөнгөж төрсөн төлийн жин дунджаар 100 грамм байдаг бас их сонин. Ихэрлэсэн тохиолдолд ээж нь эхний бамбаруушаа л онцгой асарч, дараа нь гарсныг тоохгүй байх нь түгээмэл бөгөөд үүнээс болж онгон байгальд бол үхдэг эрсдэлтэй. Эрдэмтэд амьтны хүрээлэнгийн баавгайн нөхөн үржихүй бараг зогсдогийг анзаарч, онцгой анхаарч эхэлжээ. 2000 он хүртэл аварга панда хүрээлэнд үржсэн нь тун ховор аж.
Аварга панда маш эмзэг, бас их залхуу амьтан. Ялангуяа үржлийн үед энэ нь илүү тод илэрдэг. Тэд хайргүй бол ямар ч тохиолдолд үржилд ордоггүй. Энэ нь төрөлт холдох, буурах хамгийн том шалтгаан болсон талаар судлаа чид тодотгодог. Хэрэв эмэгчин, эрэгчин хоёр бие биедээ дургүй бол насан туршдаа хамт түгжигдсэн ч ханилж, үр төлтэй болдоггүйг олон жилийн туршилтуудаар баталсан байдаг. Тодорхой тохиолдлуудад эрэгчнийг нь тусгай сургалтад хамруулан бүсгүйгээ уургалах аргуудыг, хэрхэн “унтах” арга, байрлал зэргийг заагаад ч тусыг эс олжээ. Түүнчлэн үржлийн үеэр хоёр биенээ харахгүй “гэдийж” хэвтэхээр нь хү мүүс хөндлөнгөөс оролцож, эвцэлдүүлэхээр хичээдэг талаар хүрээлэнгийнхэн ярьдаг. Ямар сайндаа л Сычуаний хүрээлэнгийнхэн эрэг чин, эмэгчин хоёрыг “нийлүүлэх” ажилд порно бичлэг ашигладаг талаараа мэдээлж байсан. Жишээ нь, 2007 онд Бээжингээс Хонконгийн амьтны хүрээлэнд ирсэн Ин Ин, Ле Ле хоёрыг нийлүүлэхээр ажилтнууд олон жил чармайсны үр дүнд 2020 онд анх удаа үржилд орсон ч төрөлт нь амжилтгүй болжээ. Гэхдээ эмэгчин Ин Ин нь 2024 онд 19 настайдаа ихэр бамбарууш төрүүлсэн нь хамгийн “хөгшин” үедээ амаржсан пандагаар бүртгэгдсэн байна. Энэ мэтээр мэргэжилтнүүд, Аварга панда үржүүлэг, судалгааны төвийнхөн олон ажил хийжээ. Биологичид “Онгон байгалиас өөр газарт панда бэлгийн ажлыг бараг “мартаж”, татгалздаг. 60 орчим хувь нь эсрэг хүйсийнхнээ сонирхохоо больдог нь дуу чимээ, стресстэй холбоотой гэж үздэг. Амьтны хүрээлэнгийн пандануудын ердөө 10 хувь нь л амьдралдаа ганц удаа үржилд орсон судалгаа бий. Тэдэнд баавгайн порно үзүүлэх нь бага ч гэсэн үр дүнтэйг эрэгчин Дин Диний туршлагаар баталсан. Түүнчлэн тогтмол дасгал хөдөлгөөн нь панданы үржилд виагратай адил нөлөө үзүүлдэг болохыг харуулсан” гэжээ. Мөхлийн ирмэгт хүргэсэн том шалтгаан болох энэ байдлыг орчин цагт хиймэл хээлтүүлгээр шийдэх нь түгээмэл бөгөөд ингэснээр үржил нь саатахгүй тоо толгой өсөж байна.
2020 онд нэг гайхалтай амжилтыг панда үржүүлгийнхэн бүртгэн авч, бөөн баяр болон тэмдэглэжээ. Сычуаний Чэндун дахь байгалийн нөөц газарт Лу Лу, Чен Чен нэртэй хос панда сайн дураар нийлэн долоон минут 45 секундын турш загас наадуулсан нь энэ амьтны түүхэн дэх дээд амжилт аж. Судлаачид “Завсарлагагүйгээр нэгнээ ингэж хайрласан тохиолдол. Үржүүлгийн төвөөс дээд амжилтын үйл явцыг шууд дамжуулсан. Тэд бол жинхэнэ од. Аварга панданы дурлал 30 секундээс удаандаа тав хүртэл минут үргэлжилдэг. Гэхдээ тун ховор. Үүнээс өмнө И Бао, Жин Синь хоёр минут 20 секундын турш хайрлалцсан нь том амжилт байв” хэмээн мэдээлж байлаа.
Онгон байгальдаа ч нэгнээ хайрлахдаа хойрго, нөхөн үржихүйн нарийн төвөгтэй тогтолцоотой “нөхдүүдэд” зориулан тусгайлан порно бичлэг бүтээдэг. Учир нь амьтны болон судалгааны хүрээлэнгийн панданууд үржилд орохоо бүр болих хандлага ч ажиглагдаж эрдэмтдийг сандаргасан түүхтэй. Хэдийгээр үржилд орсон ч хээл хаях нь бас элбэг. Хоёр жилд ганц удаа хээлтээд 72 цагийн “жирэмслэлт” буюу хээлээ таслах нь цөөнгүй. Судлаачдын тэмдэглэснээр, эрэгчний нуудгай асуудалтай буюу хэт жижиг учраас тодорхой байрлал чухал гэнэ. Ингээд болоогүй хосуудын хэн нэг нь илүүдэл жинтэй бол юун “хурим” манатай, эвцэлдэх ямар ч боломжгүй болдог аж. Энэ мэтээр асуудал ихтэй “аваргуудыг” Хятадын хүрээлэнгийн ажилтнууд маш нарийн горим журмын доор хамгаалж, хайрладаг. Хоолны орц, найрлага, дэглэм, дасгал хөдөлгөөн, орчны дуу чимээ, дулаан гэхчлэн анхаарах асуудал мундахгүй. Ялангуяа хуримын сарын хугацаанд үнэртний эмчилгээнээс эхлээд зориулалтын порно үзүүлэх гээд ажил ундарна. Ташрамд сонирхуулахад, пандад зориулан бүтээсэн порно зургийг Америкийн “Time” сэтгүүл 2013 оны шилдэг бүтээлийн нэгээр онцолсон түүхтэй. Ийм л эгдүүтэй, инээдтэй амьтан өнөөдөр дэлхийн улс төр, энх тайван байдлыг “тодорхойлогч” болжээ.
Мэргэжилтнүүд олон жилийн турш панданы ангиллын талаар маргалджээ. Учир нь аварга болон улаан панда хоёул баавгай ч элбэнхтэй төстэй шинж чанаруудтай. 1800-гаад оны сүү лээр эрдэмтэд дөрвөн аварга панданы арьсны бүтцийг судлаад “Аварга панда бол баавгайн эртний төлөөлөгч буюу орчин цагийн баавгайн бараг өвөг” гэж дүгнэжээ. Тэгвэл 1936 онд Америкийн судлаач Уильям Грегори “Америкийн олон төрөл зүйлийн элбэнхийн биеийн бүтцийн түгээмэл шинжүүд аварга пандад бий. Панда бол аварга элбэнх” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэхдээ эцэстээ генетикийн шинжилгээгээр баавгай болохыг нь баталсан. Уг шинжилгээгээр мөн Өмнөд Америкийн нүдний шилт хэмээдэг баавгай нь аварга панданы ойрын хамаатан болохыг нотолсон байна.
Аварга панданы хоёр дэд зүйл бий. Нэг нь меланолюка буюу Сычуань мужаар нутагтай, хар, цагаан өнгөтэй бол нөгөөх нь Шэньси мужийн Цинлиний нуруунд амьдардаг. Хоёул аварга пандаг бодвол арай жижиг биетэй. Цинлиний баавгайн хувьд цагаан, бор, цайвар хүрэн өнгөтэй, 1960-аад онд анх нээсэн боловч 2005 онд тусдаа дэд зүйл болохыг нь тодорхойлжээ.
“АВАРГЫН” ХАМААТНУУД
хэсэг бусад төрөл, зүйлийнхийг бодвол харьцангуй жижиг, богино. Америкийн өмнөд хэсгийн уугуул, богино хоншоорт баавгайн дэд овгоос үлдсэн цорын ганц төлөөлөгч бөгөөд дунджаар хоёр метр урт, сүүл нь 7-10 см, хүйсээс хамаарч барагцаагаар 70-140 кг жинтэй. Хар, хар хүрэн, маш шигүү өтгөн хэрнээ сэвсгэр үстэй. Зарим судлаач “Негрүүдийнх шиг угаараа орооцолдож, ширэлдсэн мэт сэвсийж, сэгсийсэн үстэй” гэж тэмдэглэсэн байдаг. Нүдний эргэн тойронд цагаан эсвэл шаргал цагариган толботой учраас нүдний шилт баавгай гэдэг. Зарим тохиолдолд ямар ч толбогүй тас хар байдаг ч ховор. Энэхүү баавгайн тархац нутаг дэвсгэрт Венесуэл, Эквадор, Колумб, Перу, Болив, Панам улс оршдог. Хэдийгээр ийм өргөн нутагт амьдардаг ч сайн судлагдаагүй амьтан аж. Улирлын байдалд тохируулан ичдэггүй бөгөөд голчлон шөнийн цагаар идэвхтэй. Мөчир, жимс, ургамал, модны үндсээр хооллоно. Шоргоолжны үүрний овоолгонд нүүрээ наагаад удаан суудаг нь урт хэлээрээ дуртай хоолоо “шүүрдэж” байгаатай холбоотой. Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан жагсаалтын устах аюулд орсон амьтны дансанд бүртгэлтэй энэ баавгай ойн экосистемд онцгой чухал үүрэгтэй бөгөөд модны үрийн тархцад нөлөөлдөг болохыг судлаачид нотолжээ.
Ташрамд онцлон сонирхуулахад, аварга панданы хамаатнаар олон жил бүртгэлтэй явсан, эалурус фулгенс хэмээх латин нэршилтэй нэг амьтан бол улаан панда. Судлаачид галт үнэг хэмээн өхөөрддөг энэ амьтныг хэдийгээр жижиг, мөн улаан панда гэдэг ч үнэндээ бол суусар, элбэнхтэй ойр хамааралтай. Ижил төстэй хооллолт, гадаад төрхөөсөө болж аварга панданы хамаатан болж, 200 гаруй жил явсаар саяхан буюу XXI зууны эхэн үед л молекул генетикийн судалгаагаар баавгайн овогт огт хамааралгүй нь тогтоогджээ.
Энэ амьтны түүх их сонирхолтой. Бүр XIII зууны Хятадын эх сурвалжид дурдсан, хо-ху хэмээн нэрлэсэн эл амьтныг европчууд нэлээд хожуу XIX зуунд буюу 1821 онд мэддэг болжээ. Английн байгаль судлаач Т.Хардвик түүнийг олж, гаргадаг дуу чимээгээр нь “wah” гэж нэрлэхээр санал гаргаж. Гэхдээ тэрбээр тодорхой шалтгааны улмаас энэхүү ажлаасаа түр хөндийрээд эргээд ирэхэд нь Францын судлаач Ф.Кювье нөгөөх амьтныг нь шинжлэх ухаанд аilurus fulgens буюу гялтганагч муур гэсэн утгатай латин нэршлээр бүртгүүлчихсэн байв. Өөрийнх нь хөдөлмөрийг үнэгүйдүүлж, нээсэн амьтанд нь хулгайгаар нэр өгсөнд гомдсон англи судлаач заргалдсан боловч нэгэнт олон улсад зарлаад, баталгаажуулчихсан учраас аргагүй хүлээн зөвшөөрсөн аж. Ингэж олон улсын анхааралд илүүтэй өртсөн улаан панда элбэнхтэй төстэй, үнэг шиг улаан шаргал, өтгөн үс, урт сүүлтэй.
Амьдралынхаа дийлэнх хугацааг модон дээр өнгөрүүлдэг, шөнийн амьдралтай гялтгануур муур тайван үедээ шувуу жиргэх мэт дуу гаргадаг бол айж, уурлахдаа мууртай төстэй дуугардаг. Нэгдүгээр сард үржилд орж, эмэг чин нь төлөө 3-5 сар тээж, 1-2 зулзага гаргана. Зарим тохиолдолд дөрөв хүртэл зулзага гардаг ч ихэнхдээ ганц нь л амьд үлддэгийг судлаачид олон жилийн ажиглалтаар тогтоожээ. Ердөө 100 гр жинтэй гарсан төл нь тодорхой хугацааг унтаа байдалтай өнгөрүүлдэг онцлогтой. Мэргэжилтнүүдийн нэрлэдгээр тэрхүү шилжилтийн түр зогсолтын хугацаанд харах, сонсох эрхтэн нь хөгждөг. Ингэж завсарлага авсны дараа “жинхнээсээ” мэндэлсэн зулзага дунджаар 18 хоноод нүдээ нээнэ. Үүнээс гурван сарын дараа үүрнээсээ гарах “визтэй” болдог байна. Жил хагасын дараа бие гүйцэж, гэр бүл зохионо. Өнөөгийн байдлаар улаан панданы хоёр дэд зүйл бий. Хойд хөл дээрээ удаан зогсож чаддаг цөөхөн амьтны нэг улаан панда “Дэлхийн улаан ном”-д мөхөх эрсдэлтэй ангилалд багтаад удсан. Энэ амьтныг интернэт “Мозилла”-гийн логогоор андахгүй. Firefox буюу галт үнэг нь үнэндээ улаан панданы дүрслэл. 2009 оны сүүлээр “Мозилла” хэрэглэгчийн тоо дэлхийн хэмжээнд 32 хувьд хүрч, хамгийн алдартай хөтөч болж, татагдсан програм хангамжийн тоогоороо “Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном”-д бүртгэгджээ.
Тэгвэл панда нэртэй ч баавгай ч, элбэнх ч биш хэд хэдэн амьтан бий.
•Хулсны баавгайг санагдуулам өвөрмөц төрх, хар, цагаан өнгөтэй панда загасыг селекцийн аргаар гаргаж авчээ.
•Коридорас панда бол аквариумын зориулалттай жижиг загас.
•Панда шоргоолж гэж бас л өхөөрдөм төрхтэй шавьж байна.
•Цохын овгийн шавьж болох мегарфрус панда хэмээх хорхой мөн л “аварга”-тай төстэй төрхтэй.
•Тэгвэл Италийн автомашин үйлдвэрлэгч “Фиат” жижиг загварын машинаа Панда гэж нэрлэжээ. “Panda сloud аntivirus” хэмээх вирусний эсрэг компьютерын програмаа “Panda security” танилцуулж байлаа.
•Панданы цай гэж бий. Сычуаний уулын тосгон Яаньд бэлтгэдэг эл цай нь панданы “баас” буюу ялгадсаас боловсруулсан ундаа. 2011 онд бизнесмэн Ан Яньши эл бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлсэн бөгөөд ногоон цайны төрөлд багтдаг. Дэлхийн хамгийн үнэтэй цайны жагсаалтад зүй ёсоор багтсан энэ бүтээгдэхүүний 50 гр нь 3500 ам.доллар.
•Панданы баас урлагийн бүтээл болсон нь бий. Хятадын уран барималч Жу Чен нь Венерагийн цээж баримлыг үүгээр бүтээсэн нь 48 000 “ногооноор” зарагдсан аж. Швейцарын нэрт бизнесмэн Ули Сигг худалдаж авсан уг бүтээл ямар нэгэн эвгүй үнэргүй нь панданы идэштэй шууд холбоотой гэнэ.
Э.Хана