Бээжинд дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн Хятадын удирдагч Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын өмнө Хятадад томоохон хэрэг мандав. Дэлхий дахины хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол цэргийн эргэлт гаргах гэснийг таслан зогсоов уу, эсвэл армийн дээд удирдлагад эрс цэвэрлэгээ хийхээр шийдэв үү гэлтэй. Хятадын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшиа болон хэд хэдэн генералыг цөмийн хөтөлбөрийн тухай мэдээллийг АНУ-ын талд дамжуулсан, бас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчлав. Энэ тухай армийн өндөр албаны офицеруудын цуглааны үеэр мэдээлжээ. Тэгэхдээ 75 настай генерал Жан Юшиа америкчуудад мэдээлэл дамжуулсан гэдэг нь халхавч бөгөөд үнэн хэрэгтээ тэрбээр ойрын хүрээллийнхэнтэйгээ хамтран төрийн эргэлт зохион байгуулах гэж байгаад өөрийнхөө хүмүүст “матуулсан” гэх таамаглал байгаа аж.
Хятадын хаалттай байдал хийгээд “тусгаар тогтносон” интернэтээс нь шалтгаалан энэ сарын 18-ны шөнө чухам юу болсныг нэг мөр хэлэхэд төвөгтэй байгаа юм. Энд тэндхийн эрээвэр хураавар мэдээллээс үзвэл Жан Юшиа, Лю Жэньли гэх генералууд “нам, улсаа аврах” зорилгоор удирдагч Си Зиньпинийг баривчилж, суудлаас нь “ховхлох” гэж байж уу гэсэн таамаг дэвшүүлж болмоор.
Хэд хоноод л оршин суух газраа сольж байдаг Хятадын удирдагч тухайн үед чухам хаана байхыг үймээн дэгдээхээр төлөвлөсөн өндөр албаны хүмүүс мэдэж байжээ. Тэрбээр энэ үед Бээжинд байдаг Засгийн газрын “Цинси” хэмээх зочид буудалд байв. Болох гэж буй үйл явдлын тухай мэдээллийг түүнийг эхлэхээс ердөө хоёр цагийн өмнө дээдэст “бурхан” өгсөн гэнэ. Си Зиньпин тэр даруй зочид буудлыг орхиж, үүнийг мэдээгүй генералуудын илгээсэн отряд зочид буудалд байсан Си Зиньпиний хамгаалагчидтай буудалцсан байна. Хятадын удирдагч тэр дороо генералууд хийгээд гэр бүлийнхнийг нь баривчлах тушаал өгөв. Хятадын цэргийн бүх анги, нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулж, цэргүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоон, цэрэг, офицеруудын гар утсыг хурааж авчээ.
Генерал Жан Юшиа нь Хятадын Ардын чөлөөлөх армийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд Өрнөдөд түүнийг “Си Зиньпиний баруун гар” гэдэг байв. Тэрбээр Коммунист намын Төв хорооны Цэргийн төв зөвлөлийн гишүүн, армийн зэвсэглэлийн асуудлыг хариуцдаг, Хятадын удирдлагатай шууд харилцдаг нэгэн байж. Тиймээс түүнийг баривчилсан нь Хятадын дээд хэсгийнхний гайхлыг төрүүлэв. “Жан Юшиаг албан тушаалаас буулгасан нь Си Зиньпиний ойрын хүрээллийн халдашгүй гэх домгийг үгүй хийв” гэж “The New York times” сонинд бичжээ. “Си 10 гаруй жилд бий болгосон тогтолцооны дотор гүнзгий үл итгэлцэл бий болсныг нотоллоо” хэмээн ВВС тэмдэглэв.
Жан Юшиа нь алдар нэр, албан тушаал нь “хувьсгалт дээдэстэй” шууд холбоотой Хятадын дээд албан тушаалтны нэг, эцэг нь генерал цолтой, Мао Зэдунтэй хамт тулалдаж явжээ. Жан 1979 онд Хятад, Вьетнамын дайнд оролцож явсан, байлдааны туршлагатай өндөр албан тушаалтай цөөн генералын нэг гэгдэж байв. Хээл хахуулийн эсрэг Си Зиньпиний явуулж, цэргийн дээд албаны хэдэн үеийг бут цохисон удаа дараагийн давлагаанд Жан Юшиа уг нь өртөлгүй л өнгөрөөд байж. Түүгээр ч барахгүй ийм цэвэрлэгээ хийхэд өөрөө шууд гар бие оролцож ч байв.
Хятадын хэмжүүрээр бол цөмийн зэвсэгтэй холбоотой нууцыг АНУ-д дамжуулна гэдэг санаанд огт багтамгүй явдал юм. Хятадад цэргийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт буруутгагдах нь цөөнгүй, харин стратегийн шинжтэй урван тэрслэх үйлдэл хийсэн удаа байсангүй. Ийм хэрэгт орооцолдсон хойно нэр төр нь төдийгүй тухайн хүн өөрөө ч үгүй болоод зогсохгүй түүний тухай аливаа дурсамж Хятадад устдаг ёстой. “Улсаасаа урвасан хүнийг түүхээс арчдаг юм” гэж Хятадыг судлаач, Британийн иргэн Билл Браудер тэмдэглэжээ. Сүүлийн хэд хоног Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Жан Юшиагийн нэрийг ер дурсахгүй байна. Энэ нь ийм тохиолдолд хүнийг амьдралаас “арчиж хаях”-ыг Бээжин чухалд үздэгийн дохио юм. “Тэрбээр хэтэрхий ихийг мэдэж, хэтэрхий ихийг хянаж, ганц хүний эрх мэдэлд суурилсан тогтолцооны хувьд хэтэрхий бие дааж байсан” гэж “The Diplomat” хэвлэлийн шинжээчид үзжээ.
Хятадын цөмийн зэвсэгт тавьдаг хяналт Си Зиньпиний хүрээллийн маш цөөн хүний гарт төвлөрөөд буйг генерал эсэргүүцэх гэсэн болов уу гэх таамаглал зарим хүн дэвшүүлэв. Түүнчлэн цаг хугацааны хувьд Хятадын илүүтэй хаалттай, стратегийн хувьд чухал цэргийн салбар болох пуужингийн дайчдын дунд боловсрон хүчний томоохон халаа сэлгээ хийж байхтай Жан Юшиа генералд тохиолдсон явдал давхацлаа. Энэ явдал Хятадын хил хязгаараас халина гэдэгт Өрнөдийн шинжээчид санал нэгтэй байна. “Дэлхийн томоохон армитай улсын удирдлага урвасан хэмээн сэжиглээд эхэлбэл тэр нь нийтийн аюулгүй байдалд зайлшгүй нөлөөлдөг” гэж “Washington Post” сонинд бичсэн байна.
Энэ хэрэг явдал Хятадын удирдлагын тогтолцооны доторх саажилтыг нэмэгдүүлж, Бээжинг улам хаалттай болгож болзошгүй гэж шинжээчид үзэж буй юм. “The Guardian” “Хятадад унагах хэт нөлөөтэй хүн, Си-д бүхнээс ойр байдаг генералууд дотор ч одоо байхгүй” гэж тэмдэглэжээ.
“Их гүрнүүдийн дунд нөлөөгөө тэлэх, АНУтай өрсөлдөх удаан хугацааны төлөвлөгөөтэй улсын дүрийг Хятад олон арван жилийн хугацаанд бий болгосон. Хятадад болж буй үйл явдал нь бидэнд санагдаж байгаа шигээ Си Зиньпин ойрын хүрээллээ тэгтлээ сайн хянаж үнэхээр чадаж байна уу гэдэг тухайд олон асуулт, олон эргэлзээ төрүүлж байна” гэж “Чөлөөт Европ” радиогийн Орос, Евразийн асуудлаарх шинжээч Темур Умаров хийсэн тайлбартаа өгүүлэв.
Генерал Жан Юшиаг зайлуулж буй нь Хятадын цэргийн дээд зиндааныхны дунд сүүлийн хэдэн жил үргэлжилж буй өргөн цар хүрээтэй цэвэрлэгээний нэг хэсэг гэж хэлж болно. 2023 оноос 2025 оны намар хүртэлх хугацаанд Хятадад 20 орчим генералыг ажлаас нь халаад байна. Жан Юшиаг зайлуулсан үйлдэл Хятад, Тайванийн харилцаанд нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж буй юм. 2025 оны эцсээр Тайваний эргэн тойронд Хятад томоохон цэргийн сургуулилалт хийсэн. Тайваний Батлан хамгаалахын сайд Веллингтон Ку энэ сарын 26-нд “Хэн нэгнийг албан тушаалаас огцруулах нь бидний сонор сэрэмжийг сулруулж, эсвэл байлдааны бэлэн байдлын түвшнийг бууруулахгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна лээ. Сингапурын Технологийн их сургуульд одоо ажиллаж буй, Пентагонд стратегич байсан Дрю Томпсон “АНУ-ын тогтоон барих стратеги үр бүтээлтэй байхад Си Зиньпин бодитой зөвлөгөө өгдөг нэр хүндтэй генералуудаар өөрийгөө хүрээлүүлбэл сайн сан. Жан Юшиагүйгээр Цэргийн төв комиссийн алдах эрсдэл нэмэгдэнэ” гэж бичсэн байна.
Жан Юшиаг баривчлахаас өмнө Улс төрийн товчооны гишүүд аливаа мөрдөх мөшгөх ажиллагаанд өртдөггүй, ахмад коммунистуудын хойчис нь томоохон алба хашдаг бол хардлага сэрдлэгээс ангид, Улс төрийн товчооны Байнгын хорооны тэтгэвэрт гарсан гишүүд тайван амгалан байдаг бичигдээгүй дүрэм үйлчилж байж. Тэгвэл “зэрэг зиндаа өндөр байх тусам аюул холуур, төрөл садангийн хэлхээ холбоо ойр бол хамгаалалт сайн” гэсэн дүрэм Жаныг баривчилснаас хойш үйлчлэхгүй нь намынханд ойлгомжтой болов.
Си Зиньпиний хүч чадал түүний хувьд төгсгөл нь болж мэдэх. Хээл хахуулийн эсрэг олон жил цэвэрлэгээ хийсний эцэст уг кампанит ажил төдийлөн амжилттай биш, харин ч бэхжиж, авлига нь тогтолцооныхоо нэг хэсэг нь болж, энэ хорыг зайлуулах үйлсдээ Си Зиньпин үр бүтээл багатай байна. Эрх мэдэлтэй Өмнөд хөршийн удирдагчийн “баруун гар” нь Өрнөдийн тагнуул болсон гэв үү байсан 12 жил гаруй хугацаанд авлигын эсрэг тэмцлийн объект нь түүний өөрийнх нь сонгож авсан, итгэж найдаж өндөр албанд томилсон хүмүүс нь болж байна. Нэр хүндтэй, хариуцлага хүлээхэд бэлэн хүмүүсийг олоход Си Зиньпинд улам хүнд болж байна. Залгамж чанар, Тайвань, АНУ-тай хийж буй стратегийн өрсөлдөөн хурцдаж буй үед Си Зиньпин ирээд байна. Гар хүрч болохгүй хүн Бээжинд байхгүй болсныг, арми нь гадаад бодлогын зэвсэг төдийгүй, хяналт тогтоох, төвийг сахих, тогтолцооныхоо дотор тэсэж үлдэхийн төлөө дотоод тэмцлийн тавцан болсныг хоёр генералд тохиосон явдал харууллаа...
Гадаадын хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл ийм агуулгатай дүгнэлт хийж байна
Р.Жаргалант