Нийслэлд шатахуун хомсдон, бензин түгээгүүрүүдэд дараалал үүсээд хэдэн өдөр өнгөрөв. Өчигдрийн 13.00 цагийн байдлаар “Шунхлай”, “Петровис” компанийн шатахуун түгээх станцуудад бензин байхгүй, дууссан гэж байв. Харин МТ, “Содмонгол”ын шатахуун түгээх зарим станц бүтээгдэхүүн борлуулж буй ч дараалал ихтэй байлаа. “Шунхлай”-н нэгэн станцын түгээгч нь “Манайх долоо хоногт 20 гаруй тонн шатахуун татан авч, борлуулдаг. Ачаагаа 20.00 цагаас хойш татан авдаг ба сүүлийн долоо хоногт бензин ирмэгц автомашинтай иргэд шөнө дугаарлаад, аваад дуусгачихдаг болсон. Иргэд шатахуун тасрахаас болгоомжилж их хэмжээгээр худалдан авч байгаа нь дараалал үүсэх, нөөц дуусахад нөлөөлж байна” гэлээ.
Харин АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “ОХУ-ын “Роснефть” компанийн үйлдвэрт засвар хийж буйн улмаас нийлүүлэлт танагдсан. Тухайлбал, манай улс ердийн хэрэглээний дунджаар 25 хоногийн нөөцтэй байдаг бол одоогоор 10 гаруй өдрийн л нөөц бий. Бид шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, байвал зохих нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Юутай ч бензин дуусаж, тэг зогсолт болохгүй учраас иргэд их хэмжээгээр худалдан авахгүй, хүлээцтэй хандаасай” гэв.
С.Дулам