-Цэц маргааш их суудлын хуралдаанаа хийж, Г.Занданшатарын гомдлыг хэлэлцэнэ-
УИХ-аас энэ сарын 17-нд гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсанд тооцсон тухай 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч өчигдөр бү¬ хэлд нь хориг тавилаа. Энэ тухай шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бич¬ гийн дарга А.Бямбажаргал нар танилцуулж, мэдээлэл хийв. Дээрх тогтоолд хоёр гол үндэслэлээр хориг тавьсан аж. Юуны өмнө Үндсэн хуулийн 43.1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.4-т УИХ-ын гишүүдийн анх тавьсан саналын дагуу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих, эсэх томьёоллоор шийдэх ёстойг салаа утгагүйгээр тусгасныг сануулсан юм. Гэвч баасан гаргийн хуралдаанаар асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны “огцруулахыг дэмжихгүй” гэсэн дүгнэлтэд үндэслэн шийдсэн нь Үндсэн хуулийн 1.2 дахь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 70.1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж Төрийн тэргүүн үзсэн байна.
Мөн пүрэв гарагт чуулганы ирц бүрдээгүй байхад ажлын цаг дууссаны дараа хуралдахаар сунгасан, баасан гарагт ирцээ шинээр бүртгэлгүйгээр үргэлжлүүлсэн нь Үндсэн хуулийн 27.6 дахь “УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1-ийн “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно”, 6.2-ын “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар цагийг сунгаж болно” гэсэн заалтуудыг илтэд зөрчсөн байна гэжээ. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдэл зэрэгт ноцтой хохирол учруулах аюултайг УИХ-ын гишүүдэд сануулсан юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан хү¬ мүүс амьд сэрүүн, хуудас нь шарлаагүй байна. Дээрх заалт, дэгийг 2019 оноос хойш шинээр мөрдөж байгаа, өмнө нь ийм зүйл тохиолдоогүй” хэмээн онцлов. ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь огцорч, чөлөөлөгдсөн байхад үлдсэн ганцынх нь “нэрийн өмнөөс” нарийн бичгийн дарга нь мэдээлэл хийж байна хэмээх шүүмжлэл бас гарна лээ. Ялангуяа 1980-аад оны бүлэглэлийн гишүүд ийнхүү шүүмжилсэн. Юутай ч Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолд хориг тавилаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.6-д “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ажлын 14 хоногт багтаан, дараалал харгалзахгүй хэлэлцэнэ. Улмаар нийт гишүүний гуравны хоёр буюу 86 хүн хүлээн авахыг дэмжвэл хоригийг хүлээж авах аж. Энэ тоонд хүрэхгүй бол дээрх тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
Занданшатарын гаргасан хүсэлтийг энэ сарын 22-нд Их суудлын хуралдаанаараа яаралтай хэлэлцэхээр болсон байна. Түүний зүгээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн өргөдөл гаргасан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригт тавьсан үндэслэл үүнтэй яг ижил гэсэн үг. “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн, эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал” хэмээн Цэц үзсэн байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 3.4-т “Цэц энэ хуулийн 13.2, 13.3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа, эсэх асуудлыг Их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэжээ. 13.2, 13.3 дахь заалтад Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр болон Засгийн газрын шийдвэрийг хамааруулдаг аж.
Д.Амарбаясгалангийн талынхан зорилгодоо хүрэхийн тулд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар хууль зөрчүүлсэн, эсэхийг маргааш Үндсэн хуулийн цэц тогтооно. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс түрүүлээд Их суудлын хуралдааны дүгнэлт гарах магадлал өндөр болов. Цэцийн шийдвэр аль талдаа гарахаас хамааран Ерөнхий сайд “огцорсон”, үгүй нь тодорхой болно. Хэрэв “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн, Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг дахин хэлэлцэх болох нь. Харин үүний эсрэг шийдвэр гаргавал УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх бас нэг “даваа” бий. Үүнийг хүлээж авах, эсэх нь парламентын бүрэн эрх байдаг билээ.