Саруул Мягмарт хандан “Чи “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг хүүхдийнх гэж бод¬дог уу, томчуудад зориулсан гэж боддог уу” хэмээн асуув. Танхим дахь үзэгчдэд ч “Нээрээ юу билээ” гэж бодогд¬сон биз. Үзвэр эхлэхийн өмнө найруулагч Ж.Сэнгэдорж “Зүгээр л мэд¬рээрэй. Мэдрэмж үргэлж үнэн байдаг” гэнэ лээ. Ингээд түүний найруулсан “Чимээгүй хотын жолооч” бүтээлийн талаар өгүүлье.
Осакагийн Азийн кино наадмын ура묬¬даант хэсэгт шалгарч, уг бүтээлд ажилласан залуу жүжигчин Б.Баярцэцэг “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн амжилттай “Худалдагч охин” (2021), “Гэргий” (2020), “Рио-2016” зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэх “Цагаан хадаг” (2016), “Lovers” (2016), “Ларь¬дма” (2013), “90 саяын” хэмээх Б.Гансүхийн амьдралын талаар өгүүлэх “Бодлын хулгайч” (2011), “Үргээлэг” (2014) тэргүүтэй үзэгчдийн эчнээ мэ¬¬дэх киног найруулсан Ж.Сэнгэдоржийн отгон бүтээл нь “Чимээгүй хотын жолооч” (2024). Орон орны кино наадмаас нийт зургаан шагнал хүртсэн эл кино 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох гэж буй.
“ANICCA”-ААС “ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ” ХҮРТЭЛ
Буддын гүн ухаанд төрөх, үхэх, амьдрах, үйлийн үрээ эдлэх зэрэг нь тус тусдаа салангид мэт боловч нэг л шугамд зэргэлдээ орших шүтэн барилдлагатай юмс. Энэ гинжин хэлхээг самсара ч гэж нэрийдэх нь бий. Буддизмын талаар бүтээл хийлгэх санал нэг өдөр Ж.Сэнгэдоржид ирж. Тэрбээр энэ талаараа “Тэгээд би сарын турш бодсон. Бодоод удаагүй явтал нэг зүйлийг анзаарав. Манай гэрийн зүүн цонхоор буяны компани, баруун цонхоор I төрөх эмнэлэг харагддаг юм байна. Төрөх, үхэхийн заагт амьдардаг хүн гэдгээ ийн мэдэж, бэлгэшээсэн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Мягмар гэх залуу 14 жилийн хорих ялаа эдэлж дуусгаад 32 насандаа нийгэмд хөл тавьснаар кино эхэлдэг. “Шоронд орж байсан” гэхээр л түүнийг ажилд авахгүй. Эцэст нь тэр оршуулгын цувааны жолоочоор ажиллаж эхлэх нь тэр. Үүний сацуу булшны чулуу хийнэ. Үүрээр буяны цуваагаа дагуулан, оршоох үйлд оролцоод үдэш нь гэртээ ирүүтээ цор ганц хань хамсаа болох нохдоо хооллоно. Хот түүнд эмх замбараагүй, амьгүй, утгагүй орон зай мэт санагддаг. Харин түүний амьдралд задгай, дураараа зантай Саруул гэх эмэгтэй, Төвөдөд олон жил ном үзсэн Содоо хэмээх лам хүү гарч ирсэн нь цаашдын эргэлтийн цэг болно.
Энэ кино анх мөнх бусын илэрхийлэл болох “Anicca” гэх нэртэй байсан ч алсдаа “Чимээгүй хотын жолооч” болсон аж. Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээлүүд тус тусдаа, бие даасан. Яг л ийм төрлөөр кино хийдэг хүн гэж то¬дорхойлох боломжгүй. “Чимээгүй хотын жолооч” ч мөн тийм л байлаа. Түүний урьд урьдын бүтээлүүдээс тэс өмнөө хэр нь цаг үеэ соргог сайн мэдэрсэн зохиолтой гэж дүгнэх байна. Харилцан яриа цөөн, тэр хэрээрээ маш сайн боловсруулсан, диалог нь тухайн хэсэгтээ яв цав нийцсэн нь анзаарагдлаа. Шуудхан хэлэхэд, ар араасаа угсарсан үйл явдалтай, өнгөлөг, энгийн, ойлгомжтой киног таашаадаг хүмүүс “Чимээгүй хотын жолооч”-ийг анхнаасаа үзээд хэрэггүй гэж зөвлөх байна. Бидний хэзээ ч харж байгаагүй Улаанбаатар энд гарна. Найруулагчийн хэлсэнчлэн зүгээр л мэдэрч, ажиглаж, харж, сонсоход хангалттай.
Мягмар Содоотой гэм нүглийнхээ талаар ярилцана. Яг хайр байсан, эсэхийг хэлж мэдэхгүй ч Саруулыг үргэлж нандигнаж байсан нь түүний олон үйлдлээс харагддаг. Тухайлбал, Мягмарын буйдхан гэрийн хамгийн хүндтэй хэсэг нь бурхан болсон ээжийнх нь унтдаг байсан ор. Өөрөө ч ийшээ зүглэхгүй, газар унтдаг хэр нь Саруулыг гартаа тэврээд өргөж оруулахдаа орыг тойруулж татсан уяаг мулт татаад, түүнийг унтуулдаг. Тэд нэгнээ үнсэх нь битгий хэл, “Би чамд хайртай” гэх үг нэг ч гарахгүй. Гэхдээ түүний амьдралын итгэл, гоо сайхан нь Саруул гэдгийг ядах зүйлгүй таамаглаж болохоор.
Киноны төгсгөлд Мягмар Саруулын шарилын хайрцагт орж, түүнтэй хамт оршуулаг¬дах хэсгийг тасралтгүй нэг шотод авсан нь зураглаач, эвлүүлэгчийн ур чадвар мөнөөс мөн билээ. Киноны дүрс дунд өөр төгсгөл бий гэж дуулсан ч энэ нь “Бүтээгүй хайрынхаа төлөө би үхлээ” гэх романтик хайрын эмгэнэлтэй дуусгал гэж тайлбарлавал хэтэрхий гэнэн зүйл болно. Мягмар бол амьд хүмүүсийн ертөнцөд байсан түүний цаашид амьдрах итгэл, гэрэл гэгээ Саруул үгүй болс ноор дууссаныг ийм бэлгэдлээр илэрхийлсэн ч байж мэдэх юм. Алдаж эндэж ял шийтгүүлсэн хүмүүс эцэст нь энэ бүхнийг даван туулж болох ч нийгэм тэднийг дахин “ялладаг”-ийг энэ бүтээлд өгүүлнэ. Түүнчлэн энэ киноны дүр бүр гэм зэмтэй, харамсах дурсамжтай. Хүн өөрийгөө зэмлэж, буруутгах нь хамгийн харгис шүүлт байдгийг найруулагч үүнд шигтгэхээ мартсангүй.
ШИНЭ НЭЭЛТ
Энэ кино дахь дүрүүдийн өнгөрсөн амьдрал, хэрхэн явж энд ирсэн талаар дэлгэрэнгүй зүйл гарахгүй. Дүрүүдийг тус тусад нь авч үзвэл тун сонирхолтой. Мягмарын дүрд ажилласан А.Түвшинбаяр үнэхээр супер. Амартүвшингийн Түвшинбаяр гэх авьяасыг нээлээ. Гадаад төрх, бие цогцсоороо “Мягмар яг л ийм хүн байх болов уу” гэх бодол төрүүлэв. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин аж. Уран бүтээлийн ач холбогдол, үнэ цэнийг кинотеатрт гарах хугацаагаар нь үнэлж болохгүй шиг урьд өмнө нь жүжиглэж үзээгүй тэр олон улсын кино наадмуудад чамгүй амжилт үзүүлсэн юм. Саруулд тоглосон Ганбаатарын Наранцэцэг цаанаа л ялдам, зөөлөн, эмзэг. Содоо буюу Мөнхбатын Бат-Эрдэнэ маани мэгзэм дуржигнуулж, оноогдсон дүрээ чадварлаг бүтээжээ. Харин зарим хэсэгт хэт хүчилсэн жүжиглэлт, бодит амьдралаас хол, утга зохиолын гэмээр агуулгатай диалогууд байсныг дурдах хэрэгтэй.
БАС НЭГЭН ШИНЭ НЭЭЛТ
Англи-франц гаралтай дуучин, ая зохиогч Серж Гейнсбургийн “Le boomerang” гэх дууг “Чимээгүй хотын жолооч”-ийг үзэгчид дор бүрнээ нээсэн болов уу. Кинонд ямар хөгжим сонгох талаар найруулагч “Би “Pink floyd” сонсдог. Үүнийг бичих гэж бүр илүү, нэвширтлээ сонссон. Гэрээс ажил, ажлаас гэр хүртэл мөнхийн сонслоо. Тэдний дуунуудаар өвчилж, өвчилж сая нэг Мягмарын дүрийг босгоод иртэл цаашдын өрнөлүүд салбарлан хөгжиж ирсэн. Нөгөө талд продюсер Т.Номуунзул хөгжүүлэн бичиж байсан. Сүүлийн тэрхүү үхлийг бичих мөчдөө би хөдөлж чадахгүй, энд тэнд солиороод, уйлаад. Манай өрөө хоёр том өсгөгчтэй, “Pink Floyd” хангинаад. Энэ арай хэтрэх үү, үгүй юу, тийшээ орох уу, орохгүй юу. Хөгжим дүфф, дүфф, дүфф. За, шийдлээ гээд бичсэн” хэмээн ярьсан байна. Гэхдээ эцэст нь Серж Гейнсбургийн “Le boomerang” дууг сонгожээ. Энэ дуу киноны туршид 4-5 удаа эгшиглэнэ. Мягмар орой гэртээ ирэнгүүтээ хөгжмөө асаагаад энэ дууг чанга гэгч нь тавихад камер түүний гэр дотор тойрон эргэлддэг хэсэг, мөн тэр сандал дээр суугаад тамхиа татангаа дээшээ хартал цас бударч байх агшин зэрэгт энэ дуу ямар гайхамшигтай өнгө нэмсэн гээч. “Pink floyd”, Серж Гейнсбург аль аль нь гүн ухаан, үхэл, уй гашуу дуулдаг хойно. Эцэст нь хэлэхэд, энэ киног үзэхдээ уншигч та бүх л мэдрэхүйгээрээ хүртэж, мэдрээрэй.
Д.Сэлэнгэ