Хүн төрөлхтний түүхэнд цахилгаан сандал гээчийг хэрэглэх болсоор 135 жил өнгөрч байна. Түүнээс өмнө бүтээсэн олон “толгой авагч”-ийн адил эмч хүн энэ сандлыг санаачилж хийсэн гэдэг. Цаазлах шийтгэлийг тухайн ялтанд аль болох зовлон шаналалгүй байлгах нь түүний гол зорилго.
АНУ-ын Нью-Йорк мужийн Оберн шоронгийн тусгайлан төхөөрөмжилсөн өрөөнд 1890 оны наймдугаар сарын 6-ны 06.38 цагт 17 хүн цугласан байв. Тэд урьд өмнө нь үзээгүй аргаар цаазын ял гүйцэтгэхийг гэрчлэхээр иржээ. 15 минут болоод нэг нь босож бусад руугаа эргэн хараад “Бид урьдынхаасаа өндөр соёлтой нийгэмд өнөөдрөөс амьдрах болно” хэмээн баяр хөөртэйгөөр хэлэв. Цааш нь бас юм хэлэх гэтэл шууд таслан “Харж байна уу, тэр амьсгалж байна” хэмээн нэг нь цаазлуулсан гэмт хэрэгтэн рүү заалаа. Удалгүй тэр өрөө өмхий утаагаар дүүрч, хүмүүс огиулан гарч гүйцгээв. Америкт цаазын ялыг хүмүүнлэгээр гүйцэтгэсэн анхны туршилт амжилттай боллоо гэж үзсэн юм.
Дүүжлэн хороох үйлдлийн бүтэлгүйтэл олны сонорт хүрсэн үеэс буюу 1870-аад оны эцсээс цаазын ялыг хүмүүний ёсоор гүйцэтгэх тухай яриа АНУ-д гарах болсон байна. Дүүжлүүлсэн хүн гогцооноос мултарч ойчоод хөлөө хугалсан ч амьд үлдсэн явдал тохиов. Цаазлуулагчийн толгой нь биенээсээ салж, ялын гүйцэтгэлийг ажиглаж байсан хүмүүсийн сэтгэлийг хямраасан эвгүй тохиолдол ч гарч. Гэлээ ч эртнээс хэрэглэж ирсэн дүүжлүүр, эсвэл хэд хэдэн мужид хэрэглэж байсан буудан хороох үйлдлийн оронд хэрэглэх өөр аргыг хэн ч санал болгохгүй байв.
Хожим нь Америкт цахилгаан үйлдвэрлэх болжээ. Цахилгаанжуулалт дэлгэрэхийн хэрээр золгүй тохиолдлын тоо нэмэгдэж, хүмүүс цахилгаанд цохиулан амиа алдах нь ихсэв. Энэ явдал цаазын ялыг эсэргүүцэгчдийн нэг-Альфред Саутвикийн анхаарлыг татжээ. НьюЙоркод амьдардаг тэр хүн энэрэхүй үзэлтэй, инженер, эмч хүн байв. Цахилгаанд цохиулж амиа алдсан эмгэнэлт явдлаас цаазын ял авсан хүмүүст оногдсон хувь тохиолыг хөнгөвчлөх боломжийг тэр олж харжээ. Цахилгаан гүйдэлтэй утсанд хүрмэгц хүмүүс ил харагдах зовлон шаналалгүй амьсгал хурааж байв. Ерөөс цаазын ял оноохоо болихгүй л юм бол түүнийг хүмүүнлэгээр гүйцэтгэж болох юм биш үү гэж Саутвик бодов. Тэгээд туршилт хийхээр шийдэж тэнэмэл муур, нохой, тэр ч бүү хэл адуу худалдаж авсан байна. Төрөлх Буффало дүүрэгтээ хэдэн жил туршилт хийжээ. Амьтанд харгис хатуу хандахыг эсэргүүцэгчдийн нийгэмлэгийнхэн түүний туршилтаас эзэнгүй нохдыг эвтэйхэн устгах боломжийг олж харсан байна. Эмчийн туршилтыг Нью-Йорк мужийн эрх баригчид ч сонирхох боллоо. Мужийн амбан захирагч Дэвид Хилл яг энэ үед дүүжлүүрийг халах илүү хүмүүнлэг аргыг эрэлхийлж ч байж. Тэрбээр энэ асуудлыг судлах комисс байгуулж Саутвикийг түүндээ оруулжээ.
Тус комисс цаазын ялыг гүйцэтгэхэд цахилгаан болон цахилгаан сандлыг хэрэглэх Саутвикийн саналыг 1887 онд дэмжив. Эмч өөрийн саналаа цахилгааны салбарын шинжээч, зохион бүтээгч, үйлдвэрлэгч Томас Эдисонд явуулж, цаазын ялыг илүү сайн аргаар гүйцэтгэж болох талаар шинжээчийн дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна. Хариу нь тэр даруй иржээ. Эдисон түүний санааг огт таашаасангүй, бүр дургүй хүрэм, гайхаш төрүүлэм зүйл гэж үзсэн байна. Тэгээд цаазын ялыг халуулахын төлөө өөрийн бүх боломжийг ашиглана гэж андгайлсан байв. Эдисон үнэхээр зэвүүцсэн байж болох. Гэхдээ цахилгаан сандлын түүхийг сайн мэдэх Крейг Брэндон чухам яг энэ үед цахилгааны төлөөх дайн АНУ-д ид дүрэлзэж байсан гэсэн байдаг. Томас Эдисон түүний гол өрсөлдөгч Жорж Вестингауз нар цахилгаан дамжуулах тогтолцоог урагш ахиулсан юм. Эдисон нь тогтмол гүйдлийг, Вестингауз нь хувьсах гүйдлийг ашигласан байна. Тэд өөрсдийн системийг аюулгүй хэмээн эрх баригчид хийгээд нийгэмдээ итгүүлж чаджээ. Хүмүүсийг амьгүй болгох үйл хэрэгт шинжээч болж оролцох нь Эдисонд тэгтлээ сонин байсангүй. Тиймээс доктор Саутвикийг хоёрдахь захидлаа ирүүлэхэд нь өрсөлдөгчөө тавьж өгөхөөр шийдээд “Энэ зорилгод илүүтэй тохиромжтой хувьсах гүйдэл ашигладаг илүү үр ашигтай машиныг манай улсад Жорж Вестингауз хийдэг юм” гэж хариултдаа бичжээ.
Вестингаузтай Саутвик захидлаар харилцсан ч өнөөх нь түүнд механизмаа худалдахаас эрс татгалзав. Хэрэгцээ шаардлагатай төхөөрөмжөө олж авахад нь нөгөө л Эдисон тусалсан байна. Нью-Йорк муж доктор Саутвикийн цахилгаан сандлыг “Цаазын ял гүйцэтгэх хамгийн хүмүүнлэг, үр ашигтай арга” болгон 1888 онд хүлээн авсан аж.
Хамтран амьдрагчийнхаа амийг егүүтгэсэн Уильям Кеммлер гэгч шинэ аргаар амийг нь авах анхны хүн болжээ. Түүнийг цаазлах ялыг Оберн хотын шоронд 1890 оны наймдугаар сарын 6-нд гүйцэтгэсэн юм. Цахилгааны эхний цохилтоороо Кеммлерийн амийг тасалж чадаагүй тул дахин залгаж цогцсоос утаа гартал нь салгасангүй. Цаазын ялыг гүйцэтгэх үед гарсан бэрхшээлд Вестингауз, Эдисон нар өөр өөрөөр хандаж байв. Дургүй нь хүрсэн Вестингауз “Тэд сүхээр цавчсан нь дээр байсан юм” гэсэн бол Эдисон сэтгэл нэлээн хангалуун, үйлдлийг сайжруулах талаар ялтны гарыг устай сав руу дүрээд тэр усанд цахилгаан өгөх нь дээр гэсэн зөвлөгөө өгч байжээ. Цаазын ялыг хүмүүнлэг аргаар гүйцэтгэхэд чиглэсэн хөдөлгөөний эхлэлийг 1792 оны хөрөнгөтний хувьсгалын үед тавьсан доктор Гильотины саналаар Францад нэвтрүүлсэн “гильотина” хэмээн нэрлэгдэх болсон аргыг дурдалгүй өнгөрч боломгүй. Гэхдээ түүнийг цэвэр Францын бүтээл гэж нэрлэж болохгүй юм. Технологийн аргаар цаазлах ялыг урьд нь ч гүйцэтгэж байсан аж. Бүр дундад зууны үед Герман болон Фландрид самбар гэж энгийнээр нэрлэдэг төхөөрөмж хэрэглэдэг байж. “Галифаксын дүүжлүүр” гэх механизм ч Англид байжээ. Энэ нь дүүжлүүртэй төстэй ч гогцооны оронд доошоо унадаг хутга бөхөлдөг байв. Бас “шотландын онгон” гэх “гильотин”-тэй тун төстэй хэрэгсэл байсан гэдэг. Францад хаант засагтай байхад эднээс илүү хэрцгий арга хэрэглэж хэрэгтнийг “цааш харуулдаг” байв. Хэрэгтэн хөрөнгө чинээтэй бол илүү хялбар үхлийг худалдаж авч болдог байж. Доктор Жозеф Игнас Гильотин цаазын ялыг тууштай эсэргүүцэгч нэгэн. Тэгэхдээ туйлбартай хүмүүнлэг нэгэн байгаагүй нь хэрэгтнийг цаазлалгүй туршилтад хэрэглэхээр эмч нарт өгөхийг хувьсгалаас өмнө санал болгож байснаас нь харагддаг байв.
1789 он болоход тэрбээр хэдийн нэрд гарсан байлаа. Хувьсгалын дараа доктор Гильотин Үндэсний хурлын нөлөө бүхий гишүүний нэг болжээ. Гэлээ ч цаазын ялыг халуулж чадсангүй. Гэхдээ энэ ялыг яавал хамгийн хүмүүнлэг болгох аргыг хайсаар байв. “Гильотин” гэж түүний нэрийг авсан төхөөрөмжийг хамтран зүтгэгч мэс засалч Антуан Луй, хөгжмийн зэмсэг бүтээгч мастер, герман үндэстэн Тобиас Шмидт нар бүтээжээ. Харин хүний амийг маш богино хугацаанд өвдөж шаналуулалгүй хороох машин бий болгох саналыг Гильотин гаргажээ. Яриандаа тэрбээр уг төхөөрөмжийг “миний машин” гэдэг байв. Үндэсний хурлын индрээс тэрбээр “Энэ машинаар толгойг чинь нүд ирмэхийн зуур авна, юу ч мэдрэхгүй” гэж хэлж байжээ. Түүний анхны машиныг 1792 онд бүтээсэн байна. 1794 онд Гильотинийг баривчилсан ч санаачилсан машинаар нь түүнийг цаазалж амжсангүй, баривчлах тушаал өгсөн Робеспьер харин тэр машинд “орж”, доктор суллагдаад 1814 онд нас баржээ.
“Гильотин”-ыг анх түрүүн XVI Людовик хаанд туршсан аж. Тэр үйл явдлыг үзсэн хүмүүс ярих нь машины хутга нь цаазлуулагчийн хүзүүн дээр гацчихсанаас гурав дахь удаагаа оролдож байж хааны толгойг цээжнээс нь салгажээ. Нэгэн эмэгтэйг уг машинаар цаазлахад толгойг нь шууд салгачихаж чадаагүйгээс ялыг гүйцэтгэгч толгойг салгаж унагахын тулд гэмт хэрэгтний хөлнөөс татахыг зохиолч Виктор Гюго хараад зогсож байсан гэдэг. Цаазын ялыг гүйцэтгэхийн тулд сүх хэрэглэх тохиолдол ч байсан аж. Хожим нь “францын тайрагч” нэр авсан “гильотин” хэмээх цаазын ял гүйцэтгэх энэ “машин” Францын хилээс гадагш Австри, Германаас өөр улсад тархсангүй. Сүүлчийн удаа энэ “машин”ыг Францад 1977 онд хэрэглээд 1981 онд цаазын ялыг бүрмөсөн халжээ
Тариа хийж цаазын ял гүйцэтгэх нь АНУ болон өөр хэд хэдэн улсад цахилгаан сандлаас ч өмнө үндсэн арга болж байжээ. Эмч Маунт Блейр бичиж “Шүүхийн анагаах ухаан” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дүүжлэн хороох үйлдлийг морфин тарих аргаар солихыг санал болгосон байв. Энэ нь хүмүүнлэгийн үүднээс биш, зардал хэмнэх сэдлээс үүссэн санал байв. Энэ санал дэмжлэг хүлээсэнгүй, удалгүй НьюЙорк мужид цахилгаан сандал хэрэглэх болжээ. Гэвч ийм аргаар цаазлуулж буй гэмт хэрэгтэн айхтар зовж шаналдаг, түүнийг харсан хүмүүс ч сэтгэлийн хувьд их энэлдэг байснаас Америк даяар цахилгаан сандлуудыг ашиглахаа больж тариандаа шилжжээ. Оклахома мужийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Стэнли Дойч зүрхний ажиллагааг зогсоодог бодисыг судсаар тарих аргыг санал болгосон байна. “Энэ бол богино хугацаанд ухаангүй болгох нэн тааламжтэй арга” гэж тэрбээр бичиж байжээ. Гильотиний адил Дойч мөн л санааг нь дэвшүүлж, аргыг нь Жей Чапмен гэдэг эмч боловсруулжээ. Ингээд цаазын ялыг гүйцэтгэх хамгийн энэрэнгүй, аюулгүй арга хайсан урт удаан зам дууслаа гэж хэн хүнгүй үзэх болсон байна. Үхлийн тариаг анх 1982 онд Техас мужид хэрэглэв. Үүнээс хойш цаазын ялыг гүйцэтгэх үйлдэл огт өөрчлөгдсөнгүй. Хүмүүнлэг хийгээд аюулгүй байдал хангагдсан гэж үзэх болжээ. Харин тариа хэрэглэж цаазлах үйлдэлд эмч, эмнэлгийн ажилтнууд өөрийн биеэр оролцохоос татгалзаж, ялыг огт бэлтгэгдээгүй хүмүүсээр гүйцэтгүүлэх болсон байна. Тариа хийж амь хороох нь өнөө үед арай түүх болчихоогүй байна. Энэ аргыг одоо Хятад, Вьетнам болон Мальдивын арлуудад хэрэглэж байгаа аж. Найз эмэгтэйнхээ амийг хоёр охиных нь хамт хороосон 69 настай этгээдийг АНУ-ын Теннеси мужид 1988 онд “тарьж” шийтгэсэн байна. Тэр этгээд уг ялыг гүйцэтгэхийг 36 жил хүлээжээ.
Р.Жаргалант