Азийн аялал жуулчлалын 15 дахь форум ирэх онд Монголд болох нь. Тодруулбал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургуультай хамтран тус форумыг Монголд анх удаа зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ. Энэ удаагийн форумыг “Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн парадигм” сэдвийн хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөжээ.
1993 онд анх зохион байгуулсан тус форумаар Ази тивийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй бэрхшээл, хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг, тогтвортой байдлыг хэлэлцүүлдэг уламжлалтай. Үүний дагуу ирэх жилийн форумаар бүс нутгийн зочломтгой байдал, соёл, инновац ба энтрепренершип, тансаг зэрэглэлийн аяллын менежмент, эрүүл мэнд, эмчилгээний аялал жуулчлал, хиймэл оюун ба үйлчилгээний робот, дижитал шилжилт, байгаль болон орон нутаг, хотын аялал жуулчлал гэх мэт 20 орчим сэдвээр Азийн эрдэмтэн, судлаачид, хөрөнгө оруулалт, технологийн болон зочлох үйлчилгээний салбарынхан илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөсөн аж. Форумаар хэлэлцүүлэх дотоодын эрдэм шинжилгээний өгүүллийг арванхоёрдугаар сарын 1 хүртэл Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хүлээн авч, шалгаруулах юм байна.
О.Оргилох