Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 24-нд дуусаж, хуваарь ёсоор өнөөдөр хичээл эхлэх байв. Гэвч Засгийн газар, Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооныхон багш нарын цалин нэмэх асуудлаар зөвшилцөж, хэлэлцээрийн ширээний ард сууж чадсангүй. Үүний улмаас цэцэрлэг, сургуулиуд үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй, багш нар ажил хаялтаа үргэлжлүүлнэ хэмээн үйлдвэрчний холбооноос нь мэдэгдлээ. Тус холбооны дарга З.Цогтгэрэл “Багш нарын ажил хаялт зогсохгүй. Засгийн газраас тавьсан саналыг хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл, 2026 ондоо багтан багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх бодит шийдэл ярихгүй бол ажил хаялтыг үргэлжлүүлнэ. Нэгдүгээр сарын 1-нээс 20, долоодугаар сарын 1-нээс 10 хувь цалин нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг ангид 70 хүүхэд сурч байна. Багш нар хөдөлмөрийн мөлчлөгт өртдөг” гэв.
Мөн зөвхөн багш гэлтгүй боловсролын салбарынхныг цомхотгохгүй байхыг тухайн холбооноос сануулав. Түүнч¬ лэн хоёр хүний ажил хийж байгаа багш л дунджаар гурван сая орчим төгрөгийн цалин авдаг, түүнээс шинэ, залуу багш нар 1.4 сая төгрөгийн цалинтайг онцолсон. 2011 онд Төрөөс цалингийн талаар баримтлах бодлого баталж, дэлхийн багш нарын дундаж цалин буюу 1400 ам.долларт хүргэхээр жил бүр үе шаттай нэмэх асуудал ярьсан. Гэтэл 10 гаруй жил өнгөрөхөд дээрх хэмжээнд дөхөөгүй. Дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн тус холбооныхон мэдэгдлээ. Одоогоор улсын хэмжээнд 30 мянга гаруй багш ажил хаясан бөгөөд Барилгын политехникийн коллежийн¬хон нэгдсэн гэнэ. Зарим сургуулийн багш нар сурагчдадаа “хичээл орохгүй” гэсэн мэдээлэл өгчээ.
Ч.Болор