Олон улсын кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 194 орноос 103-т буюу бэхжиж буй шатандаа явж байгааг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс мэдээлэв. Тодруулбал, тус үзүүлэлтийг хууль, эрх зүйн орчин, техникийн үзүүлэлт, бүтэц, зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа гэсэн таван шалгуураар хэмжиж, нэгдсэн дүнгээр байр эзлүүлдэг юм. 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд манай улс хууль, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт шалгуурт 20 онооноос 13-19 гэсэн өндөр үнэлгээ авчээ. Харин техникийн үзүүлэлт, хамтын ажиллагаанд хамгийн бага буюу 6.4-6.6 оноо авсан байна. Эдгээр үзүүлэлтэд үндэслэн улс орнуудыг кибер аюулгүй байдлын түвшнээр нь үлгэрлэж, дэвжиж, бэхжиж, бойжиж, бүрэлдэж буй гэж ангилдаг аж.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс төрийн 67 байгууллагад судалгаа хийсэн байна. Тэдгээрийн 53.3 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах ямар нэгэн стандарт, фрэймворк дагаж мөрддөггүй, 70.5 хувь нь халдлагад өртөж байгаагаа, эсвэл өртсөн, үгүйгээ мэддэггүй, 56.6 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлогын баримт бичиггүй, эсвэл боловсруулж байгаа, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ хийлгэж байгаагүй гэсэн дүн гарчээ. Мөн дээрх төвийн нийт хариу үзүүлсэн халдлага, зөрчлийн ердөө 25 хувь нь тухайн байгууллага өөрсдөө хандсан байна.
Сонирхуулахад, хувь хүн болон албан байгууллагынхан кибер халдлагад өртсөн тохиолдолд 113, 102 тусгай дугаарын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн www.113.mn цахим хуудсанд аж ахуйн нэгжүүд бүртгүүлэн, кибер аюулгүй байдлын эрсдэлээ тооцууж болох аж.
Ч.ЦЭЛМЭГ