УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөрийн /2025.10.27/ хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг " Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон нийт долоон байнгын хороогоор төсвийн хэлэлцүүлгүүд болсон. УИХ-ын гишүүдээс нийт 115 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 76 санал дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй байна. Эдгээрийн дотор урсгал зардалтай холбоотой 32, Нийгмийн даатгалын сантай холбоотой 4, НҮБ-ын хурлын зардалтай холбоотой 5 санал тус тус орсон байна. Эдгээр саналуудыг тоймлоод үзвэл багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас 2 хувиар танах, тэтгэврийг 10 хувиар нэмэх гэх мэт саналууд гарч хураагдсан. Гэхдээ үүн дээр та бүхэнд нээлттэй мэдээлэл өгөхөд Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Үүнээс 8.8 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөв байдаг. Үүн дотроо шинэ хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөг байна. НДС, ЭМДС нийлээд 8.8 их наяд төгрөг байдаг. Үүнийг бол яагаад ч оролдож болохгүй мөнгө гэсэн үг. Үүний цаана мөн яаж ч ядарсан оролдож болохгүй төсвүүд бий. Үүнд төрийн албан хаагчдын цалин 7.2 их наяд төгрөг, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий. Өнөөдөр хэвлэл мэдээллээр зарим буруу ойголтсон мэдээлэл явж байх шиг байна. Хүүхдийн мөнгөнд бид гар хүрэхгүй, Үүнийг баттай хэлье. Үүний цаана 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Гэтэл үүн дотор дахиад хүрч болохгүй мөнгө бий. Тухайлбал, гадаадын зээлийн хүүд төлөх 1.4 их наяд төгрөг бий. Үүнийг төлөхгүй бол эргээд эдийн засагт маш хор уршигтай. Энэ бүхнийг тооцоод үзэхээр төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт багтаан явуулах болж байгаа юм" гэж хэллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "ОХУ, БНХАУ-аас шатахуун татан авалтаа нэмж байна. Долоо хоногийн сүүлээр хэвийн байдалд орчих болов уу. Шатахуун авчихаад тараахгүй байгаа ААН-үүдийг камераар хянаж, хяналтын багуудыг явуулж, нээгдэхгүй байгаа асуудлуудыг ярьж, асуудлуудыг шуурхай шийдүүлж байгаа. Шатахууны тээврийн машин Улаанбаатарын гудамжаар зөвхөн шөнө явах зохицуулалттай байсан бол үүсэн нөхцөл байдалд тохируулан өдрийн цагаар тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна.
Бид цагдаагийн байгууллагтай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ иргэд олон нийтэд сэрэмжлүүлж хэлэхэд түгжрэлтэй замд түлш тээвэрлэсэн машинтай таарвал хол байж, зам тавьж өгөхийг хичээгээрэй. Шатахуун хомсдож байгаа шалтгаан бол хэрэглээтэй холбоотой. Дийлэнх хүмүүс машиныхаа банкыг дүүргэж байгаа нь үдээс өмнө шатахуун дуусах шалтгаан болж байна. Яг одоогийн байдлаар 54 вагон АИ 92 түлш ирчихсэн байгаа. Өнөөдөр 79 вагон түлш ачигдсан" гэх мэдээллийг өглөө.