УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр коксон түлшний хүртээмжтэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд 500 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол энэ жил 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөсөн тухай нийслэлээс мэдээлсэн. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын нүүрсний хэрэглээг 30 орчим хувиар бууруулж буй аж. БНХАУ-аас оруулж ирж буй коксон түлшийг энэ сарын 10-наас иргэд хэрэглэж байгаа. Мөн нэг айлд долоо хоногт долоон шуудай өгч байсан бол 20-ны өдрөөс дөрөв болгон бууруулжээ. Тиймээс түлшний нийлүүлэлт хэрэглээгээ хангаж чадахгүй байгааг тусТББ-аас мэдээлсэн юм. Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан, эл тоо нэмэгдэх эрсдэл өндөр байгаа тухай дурдлаа.
Гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас коксон түлшний олдоц болон БНХАУ гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлж байгаа, эсэх, цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бодитой бууруулахад авч буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сонсох ёстой гэв.
Харин МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа бас л хийсэнгүй. Тэд дотроо талцсан, хоёр даргатай болсон асуудлаа шийдээгүй хэвээр байгаа бололтой.
С.Уул