ХХААХҮЯ-ны мэдээлсэнчлэн энэ оны ургацын урьдчилсан балансаар улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн хүнсний улаан буудай, 88.3 мянган тонн төмс, 164 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж байсан ч өнөөгийн нөхцөл байдал төсөөллөөс харьцангуй доогуур үзүүлэлттэй байна. Газар тариалангийн бүс нутагт гантай байсны улмаас тариалалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 60.5 мянган га буюу 10 гаруй хувиар буурсан бөгөөд энэ сарын 16-ны байдлаар дөнгөж 215 мянган тонн буудай хураан авчээ.
Үүнээс хүнсний хэрэгцээнд буюу Хөдөө аж ахуйн корпорац болон гурилын үйлдвэрүүдэд 170 мянган тонныг нийлүүлсэн ч цаана нь дахиад 100 мянга гаруй тонн улаан буудай дутахаар байгаа тул импортоор нөхөхөөр төлөвлөсөн. Гэхдээ яг хэдий хэмжээний улаан буудай импортлохыг одоогоор салбарын яамнаас эцэслэн тогтоогүй байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулах гэнэ. Урьдчилсан дүнгээр энэ жил нийт хүн амын хэрэгцээний улаан буудайн 64, төмсний 72.8, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаар хангахаар тооцоолж байсан юм. Дотоодын гурилын хэрэгцээнд гадаадаас улаан буудай нийлүүлэхээс гадна хаврын тариалалтыг тогтвортой явуулах зорилгоор 10 мянган тонн үрийн буудайг мөн импортлох шийдвэр гарсан билээ.
Г.Сансар