Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэний дараа Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргав. Зөвлөлийн хурлаар эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний өнөөгийн нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж, эхний ээлжид татвараас чөлөөлөх, эсвэл хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Энэхүү шийдвэр нь түр зуурынх бөгөөд цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэл хэрэгжүүлэх аж. Гал унтраах төдий мэт боловч эдийн засгийн нөхцөл байдал дээрдтэл ийм арга хэмжээ авах нь зөв гэж зөвлөлийн гишүүд дэмжжээ.
Салбарын ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэхэд төсөвт 127.5, 20 хувиар өсгөхөд 235.2, 30 хувиар дээшлүүлэхэд 343 тэрбум төгрөг нэмж суулгах шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ. Үндсэн цалинг дунджаар 3.5 сая болгоход жилд 1.3 их наяд төгрөг зарцуулахаар байгаа аж. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ээлжит бусаар хуралдуулж, эмч, ажилчдын цалин хөлсийг нэмэх боломжтой, эсэх талаар санал солилцов.
О.Ундрах