Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлж, түүний оронд М.Адилсайханыг томилсон. Гэвч удалгүй эрүүл мэндийн шинэ сайд Ж.Чинбүрэн М.Адилсайханыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж буйг мэдэгдээд, “Амгалан” амаржих газрын даргаар ажиллаж байсан Ц.Батболдыг ХСҮТ-ийн захирлаар томилсон юм. Энэ хугацаанд Н.Эрдэнэхүү ажлаас хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандсан байжээ. Тэгвэл түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шүүх хүчингүй болгосон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы 2025 оны тавдугаар сарын 2-нд гаргасан Б/33 дугаар буюу Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгажээ. Энэ тухайд Н.Эрдэнэхүүгээс тодруулахад “Захиргааны хэргийн шүүхийн аравдугаар сарын 7-ны өдрийн захирамжаар Т.Мөнхсайхан сайдын ажлаас халсан тушаалыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, халагдаагүй гэж тогтоосон. Гэхдээ ХСҮТ-ийн захирлын албан тушаалдаа эргэж очих, эсэхийг шийдээгүй байна” гэв.
Ч.Болор