МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир агаарын шинэ замтай болсон талаараа Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанд танилцууллаа. Тэд Улаанбаатар-Сингапурын чиглэлд анхны шууд нислэгээ ирэх сарын 4-нд хийхээр болжээ. Б.Мөнхтамир “МИАТ одоогийн байдлаар олон улсын 14, орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж байна. Өдөрт дунджаар 10 онгоц нисгэдэг. Урин дулааны улиралд эл тоо 25-30-д хүрдэг бол өвлийн цагийн хуваарьт энэ сарын 26-нд шилжсэнээс хойш зарим нислэгийн тоо цөөрсөн. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэгийн тоо буурч өдөрт хоёр, долоо хоногт 14 болсон. Он гарснаас хойш манайх 3526 удаагийн нислэгээр 983 мянган зорчигч, 8579 тонн ачаа тээвэрлээд байна. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан” гэж ярилаа.
Дээрх шуурхай хуралдааны үеэр ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр “Ирэх сард ОХУ-ын Тээврийн дэд сайдтай уулзахаар товлосон. Энэхүү уулзалтаар Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийг дахин сэргээх талаар санал солилцож, тодорхой шийдвэрт хүрнэ. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалтыг 2026 оны дөрөвдүгээр сард Монголд хийх гэж байгаатай холбогдуулан урьдчилсан аудитыг өнгөрсөн сард оруулсан. Тайлангийн дүгнэлтэд үндэслэн төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж байна” гэв.
О.Оргилох