Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлд зам, тээврийн ослын улмаас 116 хүн нас барсны 67 нь явган зорчигч арц, гарамтай газраар явж байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Харин өнгөрсөн онд 176 явган зорчигч гарц болон гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолд өртөж нас баржээ. Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихсэхээр зам хөндлөн гарч яваад осолд өртөх тохиолдол нэмэгддэгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир анхааруулав. Тэрбээр “Жолооч явган хүний зам, уулзвар дөхөж ирээд зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Зохицуулдаггүй буюу гэрэл дохиогүй гарцаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийгхурдаа сааруулж буй, эсэхийг сайн харж, бүрэн зогссоны дараа зам хөндлөн гарахыг зөвлөе. Мөн оёрдугаар эгнээгээр зорчиж яваа тээврийн хэрэгсэл дагаж хурдаа сааруулах зохицуулалттай. Гэтэл нэгдүгээр эгнээний автомашин зам тавьж өгчхөөд байхад цаанаас нь хурдтай ирээд явган зорчигчийг мөргөх тохиолдол цөөнгүй гардаг. Ялангуяа цас орсны дараа гулгаж, мөргөх эрсдэлтэй. Иргэд гарц, гарамтай газраар дүрмийн дагуу явж байгаад амиа алдана гэдэг харамсалтай. Иймд хаана хаанаа хариуцлагатай байж, явган зорчигчийг зорчих хэсгийн хөвөөн дээр ирээд зогсоход зам тавьж өгөх үүргээ жолооч нар биелүүлэх хэрэгтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-ийг зөрчиж буй жолооч нарт торгуулийн арга хэмжээ авдаг” гэв.
Ч.Туяа