УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Чуулганы дараа байнгын хороодоор гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр товд оруулсан байлаа. Ингэж байж сая нэг төсвийн тухай хуулийн төслүүдтэйгээ хэлэлцүүлгийн шатанд зэрэгцэж ирэх юм. Уг нь эхлээд төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө батлаад, үүний араас ирэх оны төсвөө хэлэлцдэг журамтай. Гэвч энэ удаа МАН-ынхны талцал УИХ-ын даргыг хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Засгийн газраа хууль бусаар огцруулах, эсэх хүртэл даамжирч, төсвийн хэлэлцүүлэг өрнөх журам, дараалал алдагдсан байна.
Гишүүн Б.Жаргалан энэ талаар “Уг нь УИХ-ын даргын захирамжаар төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, бүх намын төлөөллийг оруулдаг. Гэвч энэ жил УИХ-ын дарга ч үгүй болсон учраас Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ихдээ 10 хүн ордог учраас намуудын төлөөллийг хангаагүй. Ингээд гишүүдэд мэдээллийг ил тод олж авах боломж ч гарсангүй. Төсвийн хэлэлцүүлгийнхээ араас таван жилийн хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь явж байна. Тиймээс миний хувьд уг төсвийг баталсны дараа тодотгол хийх болов уу гэж бодож буй. Ийм шаардлагыг Засгийн газарт тавина” гэлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл ч “2026 оны төсөв гайхамшигтай сайхан биш, яахаа алдчихсан ч биш. Нэг их өөрчлөлт, шинэчлэлтгүй, аргацаасан төсвийн төслийг хэлэлцээд дуусаж байна” гэлээ.
С.Уул