Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын 32-оос дээш гишүүн гаргаж, үүнийг парламентаар хэлэлцэх үеэр уг асуудлыг шийдвэрлэх хоногтой холбоотой хуулийн зөрчил бийг зарим хүн хэлж байв. Тэгвэл уг асуудлаар нэр бүхий иргэн Цэцэд гомдол гаргажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээн заасан. Энэ нь Үндсэн хуулийн 43.1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн хэмээн нэгэн иргэн үзсэн аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүнийг огцруулах санал гаргасан бол Үндсэн хуульд гурав, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд долоо хоногийн дараанаас хэлэлцэхээр зөрүүтэй заасан гэсэн үг. Уг саналаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээр шийдвэрлэсэн байна.