УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг баталлаа. Сүүлийн хоёр өдөр байнгын хороод, нэгдсэн чуулганаар төсөв, түүнтэй холбогдох хуулийн болон дагалдаж оруулж ирсэн төслүүдийн хэлэлцүүлгийг “машиндсан” юм. Ингээд энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаандаа ямартай ч амжуулжээ. Өчигдрийн үдээс өмнөх чуулганаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дараагийн шатанд шилжүүлсэн юм. Улмаар Төсвийн байнгын хороо гурав дахь хэлэлцүүлгээс олонх дэмжсэн саналуудыг нэгтгэж, эцсийн шатанд бэлджээ.
Нэгдсэн чуулганаар төсвийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр АН-ын гишүүн Ө.Шижир “Анх удаа УИХ-ын даргагүйгээр төсвөө баталлаа. МАН-ынхан 56 хоног талцаж, мөн төсвөөр барьцаалсан. Ирэх оны төсвийг манай намынхан л авч гарлаа шүү. УИХ-ыг Үндсэн хуулийн зөрчилд оруулахгүй байх боломжийг бид бий болгосон” гэлээ.
Улмаар 96 гишүүний 71.9 хувийн саналаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан юм.
С.Энх