УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулга хийжээ. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг сайд онцолжээ. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн байна. Амны хаалт хэрэглэх нь нэмэгдэж, мөн бага, дунд ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлсэн тул нийслэлд өвчлөл буурч буй гэжээ. Энэ долоо хоногоос эхлэн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн үзлэгийн хэсэг ажиллуулах аж. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цаг, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгчид тараахгүй байх ач холбогдолтой гэсэн мэдээллийг сайд нь өгчээ.