Усны тухай хуулийн 28.4-т заасны дагуу хоногт 100 шоо метрээс их ус зарцуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах нөөцийн дүгнэлт гаргадаг. Үүнд Усны газар хяналт тавин ажилладаг. Тэгвэл 2025 онд уул уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг салбарын 183 аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах дүгнэлт шинээр гаргасныг Усны газраас өчигдөр мэдээллээ. Дүгнэлтийн дагуу эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулсан байна.
Салбараар нь авч үзвэл уул уурхайд ус ашиглуулах 168, барилга, эрчим хүч, хүнснийхэд тус бүр 15, үйлчилгээнийхэд 13, барилгын суурийн усыг шавхахад 16, хөнгөн үйлдвэрлэлд долоо, усаар хангагч байгууллагуудад 31 дүгнэлт гаргаж, нийт 3.7 сая шоо метр ус ашиглуулжээ. Үүнээс хамгийн их хэмжээтэй нь буюу 3.6 сая шоо метр усыг уул уурхайн салбарт зарцуулаад буй гэнэ.
Ташрамд дурдахад, Усны газрын Усны хяналтын итгэмжлэгдсэн төв лабораториос улсын хэмжээн дэх цэвэр, бохир усанд химийн болон металл, нянгийн шинжилгээ хийж байгаа аж. Одоогоор таван төрлийн нийт 2376 сорьцод 27 399 удаагийн шинжилгээг 5658 үзүүлэлтээр хийгээд буйгаа хэллээ.
М.Гэгээ