Хүний эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг соёрхон баталснаар дэлхий нийтээрээ энэ өдөр хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсаар ирэв. Тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хүн бүхэн заяагдмал эрхтэй байхыг анх тунхагласан билээ.
Манай улс өнөө жил уг өдрийг “Хамтын эрх-хариуцлага” уриан дор тэмдэглэж, хүний эрхийн үндэсний форум зохион байгууллаа. Тус форумын нэгдсэн хуралдааны илтгэгч, ХЭҮК-ын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Бид хүний эрхийн зөрчлийн зөвхөн ил харагддаг хэсэгтэй нь тэмцсээр удлаа. Тогтолцооны шинжтэй, улс төрийн бодлогоос хамааралтай хэсгийг огт хөндөхгүй байна. Ядуурал буурч, амьдралын чанар дээшлээгүй, боловсрол, эрүүл мэндийн салбарын тэгш бус байдал арилаагүй цагт хүний эрхийг хангах боломжгүй” гэдгийг онцоллоо. Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод хууль, тогтоомжийг нийцүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх замаар шаардлагатай бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа” гэсэн юм.
Түүнчлэн ХЭҮК-оос төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр иргэний хувийн мэдээллийг дамжуулах, боловсруулах, ашиглахдаа хүний эрхийн зарчим баримталж байгаа, эсэхийг судалсан дүгнэлтээ урьд чилсан байдлаар танилцууллаа. “И-Монголиа систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт судалгаагаар хүний хувийн мэдээлэл дамжуулж буй гуравдагч этгээд ямар үүрэг, хариуцлага хүлээх тухай ойлголтгүй, эрх зүйн орчин хангалтгүй, тэр хэрээр хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг илрүүлсэн байна. Тухайлбал, хүний эмзэг, нууц мэдээлэлд хамаарах яс үндэс, угсаа гарвалийг цахимд бүртгэж, бусдад хяналтгүй дамжуулж байгаа нь хууль бус гэлээ. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд шинэчлэн найруулахдаа холбогдох дүрэм журмыг шинэчлээгүйгээс “Гэрэгэ”, “Киоск”, “Дан”, “И-Монголиа” зэрэг байгууллага иргэдийн хувийн мэдээллийг дамжуулахдаа алдаа гаргасан ч хариуцлага хүлээхгүй байгааг хэлсэн. Тиймээс хүний эрхийг хангаж ажиллахад хууль, тогтоомжийг тодорхой болгох шаардлагатайг онцлов.
О.Ундрах